Дэлхийн хамгийн том очир эрдэнийн уурхай үүдээ барина

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 13

Дэлхийн тансаг зэрэглэлийн зах зээлд очир эрдэнийн худалдааны 90 хувийг дангаараа хангадаг байсан очир эрдэнийн хамгийн том уурхай үүдээ барьж, үйл ажиллагаа явуулахаа зогсоохоор болжээ. Уурхайг эзэмшигч Рио Тинто компанийн мэдээллээр 2020 оны эхний улиралд багтан хаалгаа барих юм байна. Ийнхүү зогсоох болсон нь очир эрдэнийн гарц буурсан, агууламж, чанар нь илт буурч байгаатай холбоотой аж.

Австрали улсын Баруун Австрали мужид орших Аргилл нуурын сав газарт байрлалтай энэхүү уурхай нь байгаль хамгаалагчид болон олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсаар ирсэн байдаг. Сүүлийн 10 жилийн хугацаанд очир эрдэнийн агууламж илт багасах болсон тул гүнийн уурхайг   хөгжүүлсэн ч нэмэр болоогүй билээ. Тус уурхайгаас 2017 оны дөрөвдүгээр сард дэлхийд хамгийн том тооцогдох 59.6 каратын байгалийн цэвэр ягаан очир эрдэнэ илэрч байсан бөгөөд 71 сая ам.доллароор үнэлж байсан юм. Дэлхийн түүхий эдийн зах зээлд маш их ашиг орлоготой ч үйлдвэрлэл болон олборлох үйл явц нарийн төвөгтэй очир эрдэнийн салбарт “Де Берс”, “Доминион”, “Петра”, “Рио Тинто” гэсэн дөрвөн том компани ноёрхлоо тогтоосон байдаг.

Рио Тинто компанийн эзэмшдэг “Аргиллийн уурхай” 1983 оноос олборлолтоо эхэлж, тансаг зэрэглэлийн зах зээлийн гол ханган нийлүүлэгч болж байсан юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top