Б.Ууганбаяр: Тусгаарлалтын журам сахиагүй хүмүүст ХАРИУЦЛАГА ТООЦНО

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 05

Улсын онцгой комисс (УОК)-ын Шуурхай штабgаас өнөөдөр /2020.06.05/ мэдээлэл хийлээ.

УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр:

-Өнөөдөр Улаанбаатар хотын 22 тусгаарлах байранд 1309 хүн байна. Орон нутагт есөн байршилд 358 хүн байгаа. Өрхийн ажиглалтад 903 хүн байсан. Өнөөдөр нэмж 216 хүн өрхийн ажиглалтад шилжинэ.

"Оюутолгой" компани Австрали улс руу ажилчдаа хүргэхээр МИАТ ТӨХК-ийн онгоцыг түрээсэлж байгаа. Зургаадугаар сарын 6-нд 02:00 цагт Сидней рүү нислэг үйлдэхээр болсон. Энэ боломжийг бид ашиглаж, Австрали улсад байгаа эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ авчрах ажлыг зохион байгуулахаар боллоо. 

УОК-ын шуурхай штаб, цагдаагийн байгууллагатай хамтарч, гэрээр тусгаарлалтад байгаа иргэдийг түүврийн аргаар сонгож, шалгасан. Нийт 94 хүнийг сонгож шалгахад 11 хүн гэртээ байгаагүй, хоёр хүний хаяг тодорхойгүй байлаа. Ийм асуудал гаргавал хуулийн хүрээнд хариуцлага тооцно.  

Эх орондоо ирж байгаа иргэд маань Шуурхай штабаас гаргасан зөвлөмж, зааврыг чанд сахин биелүүлж, мэргэжлийн хяналтын байгууллагаас шаардсан үзлэгт хамрагдсан байх шаардлагатай. Татан авах, тусгаарлалтад байрлуулах зайлшгүй гарах зардлыг мөн төлөх ёстой. Ирээд 21 хоног тусгаарлалтад байж, дараа нь тусгаарлалтаас гарсан хойноо гэртээ 14 хоног байх ёстой гэсэн журам, зөвлөмжийг хүн бүр чанд сахих ёстой гэдгийг анхаарах хэрэгтэй. Тусгаарлалт болон гэрийн хорио, тусгаарлалтаас гарсан ч гэсэн тэр хүн урьдчилан сэргийлэх дэглэмийг заавал сахих үүрэгтэй. 

Өнгөрсөн сард бид “Маскаа зүүе” аяныг хэрэгжүүлсэн нь амжилттай болсон. Иймд уг аяныг үргэлжлүүлж, хуулийн хүрээнд хэрэгжүүлнэ. Иргэд хувийн эрүүл ахуйг анхаарч, бусдынхаа эрх ашгийг бодож, амны хаалтаа зүүх шаардлагатай байна. 

УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхэллээ. Улс төрийн намуудад болон нэр дэвшигчдэд Засгийн газраас гаргасан журмыг дагаж, мөрдөхийг зөвлөж байна. 

Эх орондоо ирэх хүсэлтэй байгаа иргэдэд хандаж хэлэхэд, Шуурхай штаб нэг ч өргөдлийг гээгдүүлэхгүйгээр танилцаж, судалж байгаа. Тиймээс дахин дахин өргөдөл давхцуулж явуулахгүй байхыг хүсье.

Тухайлбал, нэг өргөдөл 17 удаа давхцаж ирсэн байна. Одоогийн байдлаар бид маш зузаан буюу 75 боть өргөдөл хүлээн авснаас гадна давхардсан өргөдлүүд 23 боть болчихоод байна. Бид бүх өргөдөлтэй сайтар танилцаж, судалж байгаа. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Su ah(202.179.24.193) 2020 оны 06 сарын 06

Тооцно гэж мөн ч олон удаа хэллээ чи. Тооцсон удаа ер нь байна уу байхгүй болоод л гэрийн хорионд байх ёстой этгээд хөдөө явж халдвар тараагаад бөйгаа вм биш үү аан?

0  |  0
зочин(202.9.40.59) 2020 оны 06 сарын 05

гэрийн хорио дэглэм зөрчсөн бол арга хэмжээ аваад зарлаачээ. хүнд хэцүү үед ядуу эдийн засагтай эх орон чинь аваад ирж байхад ямар ухамсаргүй юм бэ. хариуцлага тооц

0  |  0
Top