Н.Ганчимэг: Идэх хоолгүй, гудамжинд хонож буй МОНГОЛ хүн Японд байхгүй

2020 оны 06 сарын 09

Япон улсад сурч, ажиллаж, амьдарч буй Монголчуудын төлөөлөл болох Н.Ганчимэгтэй ярилцлаа

Цар тахлын үед Япон дахь монгол иргэдийн нөхцөл байдал ямар байгааг, тус улс дотооддоо ямар арга хэмжээ авч буй талаар түүнээс тодруулан, ярилцсан юм.  Гунма муж дахь "Ниппон академи"-ийг төгссөн тэрбээр сэтгүүлчийн хувиар цаг үе, нөхцөл байдлын мэдээллээс хуваалцсан юм.

-Коронавируснээс шалтгаалан гадаад дахь монгол иргэд хүнд нөхцөлд байгаагаа сошиалаар илэрхийлцгээж байна. Өөрийн тань амьдарч байгаа Япон улсын  Гунма мужид нөхцөл байдал ямар байна вэ. Өөрөө сэтгүүлч хүн болохоор нөхцөл байдлыг “өнцөг”-тэй харж байгаа байх л даа?

-Америк, Энэтхэг, Турк, Орост байгаа монголчуудын нөхцөл байдалтай харьцуулахад Японд нөхцөл байдал тайван байна. Нийтийн тээвэр болон олон хүнтэй газраар явахдаа коронавирус наагаад гэртээ орчих вий гэх багахан айдсыг эс тооцвол коронагүй үе шиг хэвийн амьдралдаа орцгоосон. Япон улсын хэмжээнд ажил, сургууль жигдэрсэн. Зарим зугаа цэнгэл, тоглоом наадмын үйлчилгээ үзүүлдэг газрууд хараахан бүрэн нээгдээгүй.  Одоогоор архи дарсны газар, зочид буудал, жуулчны бааз зэрэг газрууд үйлчлүүлэгч цөөтэй, эдийн засгийн алдагдалтай байх шиг. Гэхдээ ямар нэгэн алдагдалд орж байгаа аж ахуйн нэгж, хувь хүнд хүүгүй зээл нээлттэй олгож байна. Мөн Японд аяллаар ирэх иргэдийн онгоцны зардлыг даах, зочид буудалд үнэгүй байлгах, үнийг нь хөнгөлөх гэх мэт алдагдалд орсон салбаруудаа тэр дор нь дэмжих, жуулчдыг татах гэх мэт бодлогуудыг дор бүр нь гаргаад хэрэгжүүлж байна. Манай Гунма аймагт бол хорио цээрийн үед ч хүмүүс ажил, орлогогүй, орон байргүй болж, өлсөж цангасан зүйл байхгүй. Үйлдвэр, дэлгүүрүүд хэвийн ажиллаж байсан. Харин ресторан зочид буудлын ажиллах цаг нь багассан. Зарим нь түр үйл ажиллагаагаа зогсоогоод, үндсэн ажилтнаа цалинтай амраасан. Цагаар ажилладаг оюутнууд цалингүй амарсан боловч ихэнх оюутнууд хоёроос гурван ажил давхар хийдэг тул ямар ч байсан нэг юм уу, хоёр ажилтайгаа байлаа.

Эсрэгээрээ сургууль амарсан тул  хичээл хийдэг цагтаа ажил хийж өмнөхөөсөө илүү орлого олсон оюутнууд ч нэлээд бий. Угаасаа ажил хийх зөвшөөрөлгүй аяллаар ирсэн, эсвэл сургуулиа төгсөөд виз нь дуусах дөхсөн, Монгол руу  буцахаар төлөвлөсөн байтал  нислэг цуцлагдаад гацсан хүмүүсийн тухайд ажилгүй байсан тал бий. Саяхнаас виз нь дуусаж байгаа хүмүүсийн визийг автоматаар зургаан сараар сунгаж, хүсвэл ажил хийх зөвшөөрөл дарж өгч байна. Аяллын визээр ирсэн хүн бол угаасаа ажиллаж болдоггүй. Солонгос шиг гурван сараар ирээд ажиллах боломж Японд муу. Ажил ховор. Бүх зүйл хууль дүрэм, журмын дагуу явагддаг. Гэвч аяллын визээр ирээд барилга, газар шороо, тариа ногооны ажилд ажиллаж буй хүмүүс мэр сэр бий. Хүнд хэр нь цалин бага. Хорио цээрийн үед Японы Засгийн газраас шуурхай шийдвэрүүдийг гаргасан. Жишээлбэл, албан ёсоор оршин суудаг япон иргэний үнэмлэх буюу зайро карттай бүх хүнд 10 ман  иен буюу монголоор 2.5 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгож эхэлсэн. Нас хүйс гадаад дотоод хамаарахгүй хүн бүрд  өгч байгаа энэ мөнгө хүмүүсийн дансанд ороод эхэлчихсэн.

-Өөрийн тань ойр тойронд байгаа Монгол иргэд энэ тусламжид хамрагдаж байна уу?

-Миний эргэн тойрны арван хүн тутмын долоогоос, найм нь арван мянган  иенээ авсан байна. Яг идэх хоолгүй, орох байргүй болж, гудамжинд хонож буй монгол хүн японд үнэндээ байхгүй. Эх орныг нь зориод ирсэн гаднын  хүнийг арай ч тийм байдалд оруулах орон биш. Зарим нэг зочид буудал аяллын визтэй хүнийг үнэгүй байрлуулж эхэлсэн. Мөн монгол хүн байргүй боллоо гэсэн мэдээлэл гарангуут энд олон жил амьдарсан монгол залуус бие биеэ дэмжээд, үнэгүй байрууд бэлдчихсэн. Байргүй болсон хүн нь ирж амьдраарай гэж зар явуулаад л байна. Очиж байгаа хүн ховор. Харин Япон орныг богино хугацаанд үзчихээд буцъя, сургуулиа төгсөөд шууд харина, гурван сар аялчихаад л харина гэж тооцоолсон, бага насны хүүхдээ орхиод ирсэн ээж, эсвэл энд байдаг хүүхэд дээрээ түр ирээд буцах гэж байсан өндөр настан зэрэг хүмүүс байна. Тэдний хувьд энд хэт удахаар ар гэртээ санаа зовох, агаар ус таарахгүй байх гэх мэт асуудлууд бага сага гарч байгаа. Уг нь онгоц явбал ээжийгээ явуулчихмаар байна. Цай унд нь тохирохгүй хэцүү байх шиг байна.  Хүүхэд,  хөгшид дээрээ очихсон гэж буй   хүмүүс бол бий.

-Таны амьдарч буй мужид халдварын тохиолдол ямар байна. Өөрийн тань амьдарч буй хотод хэчнээн монгол иргэн байна вэ?

-Хөл хорионд шилжиж байх үед л Гунма аймгийн хэмжээнд 100 орчим өвчлөлийн тохиолдол бүртгэгдчихсэн байсан. Одоогоор 149 тохиолдол байна. Сүүлийн сар орчимд нэмэгдээгүй тоо. Манай энд анх өвчлөл өндөр настны асрамжийн газар, эмнэлгийн байгууллагаас гарсан. Асрамжийн газарт ажилладаг хүний гэр бүл гэх маягаар тархсан. Нэг байгууллагаас гэхэд л 30, 40 тохиолдол бүртгэгдсэн. Гэхдээ одоогоор 149-өөс цааш тархаагүй. Сайн барьж тогтоож байна. Гунма муж гэдэг бол Монголоор нэг аймаг юм. Токио хотоос машинаар хоёр цаг явах газарт байдаг. Японы газар нутгийн гол хэсэгт, далайгаас холхон байрладаг газар. Аймаг дотроо жижиг хотуудтай. Миний амьдарч буй Маебаши хотод  300 гаруй монгол иргэн амьдарч байна. Монгол багш, төлөөлөгчтэй хэлний сургууль, их сургуулиуд, япондоо анагаахын салбарт сайн сургуульд тооцогдож дөрөвт эрэмбэлэгддэг Гунма их сургууль гэж улсын сургууль бий. Энд ч Монголоос магистр, докторын түвшинд оюутнууд ирэх нь нэмэгдэж байгаа. Энд төгсөөд, эндээ ажиллаад гэр бүл хамаатан садан найз нөхдөө татах гэх мэт. Сүүлийн жилүүдэд монголчуудын тоо улам нэмэгдэж буй хот байдаг юм.

-Халдварын тархалт эрчимжих байдалтай байх үед эмнэлгийн байгууллагууд нь, иргэд нь ер нь ямар арга хэмжээ авч байсан бэ?

-Хөл хорио тогтоохоос өмнө халдварын тархалт нэмэгдэж байсан ч хүмүүс их тайван байлаа. Маск зүүх нь зүүгээд зүүхгүй нь зүүхгүй. Японы Засгийн газар ч тайван хандаж, жаахан ажиглаж байгаад  хорио тогтоох шийдвэр гаргасан. Үүнийг оройтож арга хэмжээ авлаа гэж иргэдийн зүгээс шүүмжилж байсан боловч, Засгийн газар, Эрүүл мэндийн яамны төлөөллүүд телевизийн хэлэлцүүлэгт орох үеэрээ ярихдаа “Аливаа вирусний  тархалтын үйл явц, бууралт өсөлт гэж байдгийг тооцоолж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр арга хэмжээ авсан. Эдийн засагт бага хохирол учруулах зэргээ тооцоолсон” гэх мэт тайлбаруудыг өгч харагдсан. Нэг хэсэг Токио хотод гэхэд л өвчлөл өдөрт хэдэн зуугаараа нэмэгдэж байсан бол өдөрт хоёр, гурван хүн болтлоо буурсан. Яг ингэж буурч байхад нь хорио цээрийг цуцалчихсан юм. Одоо өдөрт Токиод гэхэд л 20-30 хүн өвчилж жаахан нэмэгдэх хандлагатай байна. Мэдээж энэ өвчин хэчнээн хорио цээртэй байгаад устах хугацаа тийм хурдан биш учраас эдийн засаг, иргэдийн амьжиргааг бодоод хорио цээрийг цуцлах шиг болсон. Түрүүн хэлсэнчлэн хүнийг ажилгүй байх, өлсгөхөөс л их айдаг улс юм. Хүн бүр ажилтай, идэх хоолтой байхад л эдийн засаг нь өөрөө эргэлтээрээ хөгжөөд явдаг аж. Би саяхан ажлаар Сайтама, Канагава, Нагано, Токио гээд хэд хэдэн хотоор явж байхдаа анзаарсан. Сургууль соёлын байгууллага нээгдсэнтэй холбоотой хүүхэд залуусын бөөгнөрөл, аялах тоглох нь нэмэгдсэн байна. Халдвар хэт нэмэгдвэл дахин хорио тогтооно. Гэхдээ энэ вирус шууд ул мөргүй алга болохгүй, өсөж, буураад явна гэж тооцоолж байгаа учраас улсын эдийн засаг иргэдийн амьжиргаагаа бодоод яаран хорио тогтоохгүй байх.

-Японы эдийн засаг корона­вирусний  эрсдэлээс өмнө далайн хар салхины уршигаар өнгөрсөн оны сүүлээр 7.3 хувиар агшсан. Цар тахлыг сөрж, эдийн засгаа идэвхжүүлэхгүй бол уналт улам гүнзгийрнэ гэж үзээд л хөл хориог цуцалсан байх л даа. Ер нь эдийн засгаа, иргэдээ дэмжихэд чиглэсэн ямар шийдвэрүүд гаргаж байна вэ. Гаргасан шийдвэрүүд нь хөр­сөн дээр хэрхэн бууж байна вэ?

-Би энд ирэхээс өмнө “Өдрийн сонин”-д Эдийн засгийн албанд сэтгүүлчээр ажилладаг байсан тул Япон улс эдийн засгаа яаж эргэлдүүлж байна вэ гэж өөрийнхөө хэмжээнд анзаарч л явдаг юм. Эндэхийн эдийн засаг маш энгийн ойлгомжтой бөгөөд усны урсгал шиг. Монголд, эдийн засаг эргэлтгүй. Элс рүү ус асгах мэт үр дүнгүй хөрөнгө оруулалттай юм. Жишээлбэл, Японд хүнийг ажилгүй байлгахаас, өлсгөхөөс үхтлээ айж байна. Өлсөх, ажилгүй байх бол байж боломгүй зүйл мэт. Ажилгүй байна гэвэл хотын захиргаанаас тэр дор нь ажил олж өгч байна. Маш ажилсаг, хүн болгон шахуу ажилтай байдаг. 80, 90 настай хүмүүс ч борви бохисхийлгүй хөдөлмөрлөж байхыг Япон улсад  харж болно. Мөнгөгүйдээ биш хөдөлгөөнтэй, эрүүл байхын тулд ажилладаг зүгээр суудаггүй хөгшчүүлтэй их таарна. 60, 70 настай хүнийг залуу хүн байж гэж ярина. Хүмүүсийг ажилтай байлгахын тулд  хорио цээрийг хугацаанаас нь өмнө нь цуцалсан. Өдөр тутмын хүнсээ бараг зуун хувь дотооддоо үйлдвэрлэж байна. Өдөр бүр 24 цагаар тасралтгүй хүнсний үйлдвэрүүд ажиллаж, тэнд ажлын байр бий болсоор байдаг. Машин тоног төхөөрөмж, цахилгаан бараа зэргийг олноор  үйлдвэрлэж тасралтгүй экспортолж, хувцас хэрэглэл ахуйн барааг Хятад, Вьетнам зэрэг өртөг бага газар үйлдвэрлүүлж авч байна. Экспортлох, импортлох, дотооддоо үйлдвэрлэх системээр л зогсолтгүй эргэлдүүлж эдийн засгаа мөнхийн урсгалд авч явж байгаа орон. Хүмүүс мөнгөгүйдээд ирвэл хандив өгч эдийн засгийн хөдөлгөөнийг дэмжиж байна. Мэдээж энэ хандивыг хүртэх хэмжээнд хөдөлмөрлөөд хувь нэмрээ оруулчихсан, татвар төлчихсөн хүмүүс. Үүнийг ч тооцоолж хандивын сангаа үүсгэчихсэн байдаг юм байна.  Монгол шиг алт, нүүрс, зэс гэх баялаг гэж үгүй. Энэ их эдийн засгийг тасралтгүй эргэлдүүлэхээр хүн бүр хөдөлмөрлөж бүгдээрээ завгүй байна. Хариуд нь эрүүл аюулгүй, хүний төлөө гэх бүхий л нөхцөлийг хангасан тайван нийгмийг төрийн бодлого, хатуу хууль дүрмээр бүтээж өгч байна. Хүнийг өлсгөх, ажилгүй байлгахаас хамгийн их айж буй нь нийгэм эдийн засгийнх нь бодлого аж. Бас завгүй, өлсөөгүй хүн муу юм хийхгүй гэх мэт сайн талууд байна.

-Хөл хорио цуцалсан энэ үед үйлчилгээний газрууд нь ямархуу байд­лаар  үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Жишээлбэл, Фүжи уулын ойр байрлах "Фужихайкланд" гэж жуулчид хүлээн авдаг цогцолбор үйл ажиллагаагаа эхлүүлсэн боловч зөвхөн тэр хэсэгт байрлах хороо, дүүргийн иргэддээ үйлчилж байна. Орох хаалган дээр бичиг баримтыг нь шалгаад, маск зүүл­гээд, гарыг нь ариутгаад оруулна. Олон улсад алдартай том  галзуу хулгана, алсыг харагч дээр хэд­хэн хүн хоорондоо зайтай суу­чихсан тоглож байх жишээтэй л байна. Номын сангууд гэхэд хорио цээртэй үед ч ширээ хоо­рон­дын зайг хоёроос гурван метр болгоод, үйлчилж байсан. Фитнессийн газрууд  мөн адил цаг тутам салхивчаа нээж, ариутгал хийж, үйлчлүүлэгсэд нь хол, хол зайтай өөр, өөр төхөөрөмж дээр зөрөлдөж дасгалаа хийнэ. Дас­галаа хийчихээд хүн бүр ашиг­ласан төхөөрөмжөө спирттэй ной­тон саль­феткаар арчина. Арчих ариут­гах бодисыг нь төхөөрөмж бол­­гоны дэргэд тавьчихсан байгаа юм.

-Японд цалин нь илт буурсан, эсвэл ажилгүй болсон иргэдийн байрны түрээсийг аравдугаар сарын 31 хүртэлх хугацаанд төлж өгч байгаа гэсэн мэдээлэл байсан. Монгол иргэд үүнд хамрагдахын тулд хаана хандах, ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай байгаа юм бол?

-Үнэхээр ажилтай байж байгаад, ажилгүй болсон, тухайн ажлын газар нь хөл хорионы үед хаагдсан. Эсвэл ажиллах өдөр нь багасаад, авч буй цалин нь байрны түрээсээ төлөхөд хүрэлцэхгүй болсон бол оршин суугаа газрынхаа хотын захиргааны халамжийн хэлтэст бичиг баримттайгаа очиход л болно. Яг хандив олгохоор бол мэдээж ажиллаж байсан газар нь үнэхээр хаагдсан эсэх, дансны мэдээлэл, оршин суугчийн мэдээллийг шалгаж, хянана. Зургаан сар хүртэлх хугацаанд түрээсийн мөнгийг зээлүүлэх, буцалтгүй олгох, хөнгөлж олгох гэх мэт байгаа. Тухайн хүний ажил ямар салбар вэ. Хэзээнээс жигдрэх, цаашид Японд хэр хугацаанд ажиллаж амьдрах визтэй хүн бэ, хэдүүлээ амьдардаг вэ гэх зэргээс шалтгаалаад яаж олгох нь шийдэгдэх юм билээ.

-Хүнс олгох, хүүгүй зээл олгох гэхчлэн дэмжлэгүүдийг Япон улс үзүүлж байна. Монгол иргэд уг дэмжлэгүүдийг авах боломж хэр байгаа бол?

-Япон, монгол, гадаад хүн гэж огт ялгадаггүй. Хандив тусламжид хэн ч хамрагдах боломжтой юм байна гэдгийг энэ цар тахлын үеэр мэдэж авлаа. Ажил, орлогогүй болсон бол хэн боловч өөрөө хүсвэл очоод үнэгүй хүнс авч болно. Хүнсний үйлдвэр аж ахуй нэгжүүдээс хандивлаж байгаа бүтээгдэхүүнүүд юм.  Хүүгүй зээл авч болно, байрны түрээсийн хөнгөлөлт хөөцөлдөх боломж бий. Үүнээс гадна сургалтын төлбөрөө төлж чадахгүй асуудалд орсон оюутнуудад 20 ман иен буюу монгол мөнгөөр таван сая төгрөгийг нэг удаа олгох шийдвэр гарчихсан хэрэгжиж байна. Мэдээж сурлагын голч дүн ирц зэргээс хамаараад тэтгэлэг маягаар олгох, зээл хэлбэрээр олгох нь шийдэгдэх юм билээ. Мөн л оюутан л бол оюутан. Монгол гадаад гэж огт ялгахгүй. Гадаад иргэд   олноороо амьдардаг болоод ч тэр үү,  нийгмийн аливаа халамжид барагтай ялгадаггүй юм байна.

-Эмнэлгийн үйлчилгээ авахад бэрхшээлтэй тал юу байна вэ. Эрүүл мэндийн үйлчилгээний зардал хэр вэ?

-Өвчлөл эмнэлгийн салбарт тархсан тул монголчууд аль болох эмнэлэг явахгүй байхыг бодож байна. Шаардлагатай тохиолдолд утсаар зөвлөгөө авч болно. Үнэхээр эмнэлэг явах зайлшгүй шаардлагатай бол явж болно. Японы эмнэлэг гадаад хүн хүлээж авахгүй, монгол хүнд үйлчлэхгүй гэх зүйл байхгүй. Энд албан ёсны амьдрах визтэй, эрүүл мэндийн даатгалаа тогтмол төлөөд явдаг бол эмнэлэг, эмийн төлбөрийн 70 хувь нь улсаас төлөгдөж, хүн хувь хүн зөвхөн 30 хувийг л төлдөг. Хувь, хувьсгалын аль ч эмнэлэгт үйлчилнэ. Даатгалаа төлдөггүй, эсвэл аяллын визээр ирсэн бол 100 хувь төлбөрөө төлөөд үйлчлүүлнэ. Өртөг өндөр орон учраас Монголтой харьцуулахад эрүүл мэндийн үйлчилгээний зардал өндөр. Тиймээс япон хүмүүс өвчлөхөөс нь өмнө арчилж биеэ торддог. Энд үнэгүй юм гэж үгүй. Нөгөө талаараа хөдөлмөрийн үнэлэмж бас тийм. 15 минут тутам цалин бодогдож явдаг. Тарах цагаасаа 15 минут илүү ажилласан бол илүү цагийн нэмэгдэлтэйгээ 15 минутын мөнгө бодогдож орно. Цалингүй туршилт, дадлага гэж байхгүй. Энэ тогтолцооны жишгээр нэг шүд эмчилсэн ч тусдаа үнэтэй. Эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээ өндөр төлбөртэй боловч, хүүхдэд үнэгүй. Эдгэшгүй өвчин, байнгын эмчилгээ шаардлагатай хүүхдийн бүх төлбөрийг улсаас даадаг тул хүүхдээ эмчлүүлэхийн тулд үндсэн ажилтны визээр ирсэн, ажилладаг гэх хоёр гурван монгол хүнтэй таарч байлаа. Мөн эрүүл мэнд, нийгмийн даатгалаа тогтмол төлдөг үндсэн ажилтны хүүхэд төрүүлсэн амралтын тэтгэмж нь цалинтай нь тэнцэхүйц өндөр бодогддог гэсэн.

-Манайд иргэд сарын орло­гынхоо 80-90 хувиар хүнсээ л авч дийлдэг байхад Японд орлогынхоо 10 хувийг л хүнсэндээ зарцуулдаг гэсэн статистик байсан. Ер нь коронавируснээс шалтгаалаад орлого болон зарлагын бүтцэд ямар өөрчлөлт орж байна вэ? 

-Хүнсний үнэ өндөр. Монгол мөнгөөр дунджаар тооцвол нэг ширхэг алим 3000 төгрөг, нэг кг үхрийн мах 35 мянган төгрөг, нэг кг цагаан будаа 10 мянган төгрөг, нэг кг гурил 4000 төгрөг, нэг ширхэг бөөрөнхий сонгино, төмс ч 2000 төгрөг, нэг кг тахианы мах 10 мянган  төгрөг гэх мэт. Гэхдээ таныг асуухаар бодоод үзсэн чинь 10 хувийг зарцуулдаг гэдэг нь бараг үнэн судалгаа байна. Бид ч олж буй орлогынхоо 10-15 хувийг хүнсэндээ зарцуулж байгаа юм байна. Үүн дээр нийтийн тээвэр, гар утасны төлбөр гэх мэт нь бас сарын орлогын 10-15 хувь хавьцаа. За ажил багасаад одоо л орлогогүй болох нь дээ гэж байтал улсаас 10 мянган иений хандив өгчихсөн.Хорио цээр тавигдаад ажлууд жигдэрсэн. Миний эргэн тойрон дахь арван хүн тутмын долоогоос найман хүн арван мянган иен ээ авчихсан гэж түрүүн хэлсэн шүү дээ. Гэтэл зарим нь одоо хүртэл итгэж чадахгүй яг өгч байгаа юм уу, үнэн юм уу гэх авах хүсэлтээ өгөөгүй хүн ч байна. Засгийн газрын амлалт гэдэг бол худлаа зүйл гэх ойлголт монгол хүний тархинд бараг суучихжээ гэмээр л байна. Авсан хүмүүс бол мэдээж сайхан орон шүү гэж байна. Өмнө нь цунами болоход ч гадаад, дотоод гэж ялгалгүй яаж харж хандаж байсныг өөрийн биеэр харж туулж мэдэрсэн учраас энэ улсад  хайртай байдаг гэх монголчууд ч нэлээд бий. Ингээд ярихаар Япон л жаргалын орон гэж бодож харанхуй ирээд харамсаж буй хүмүүс бас бий шүү. Тиймээс маш сайн судалж алсын зорилготой ирвэл сайн. Хүн амьдрахад аюулгүй тайван нөхцөлийг бүрдүүлсэн ч үүнийгээ дагаад маш их дүрэм журам мэндлэх хүндлэх ёс, хогоо ялгаж хаях, ажил таслахгүй хоцрохгүй байх, ажлыг чин сэтгэлээсээ нягт нямбай хийх. Аливаад сэтгэлээсээ хандах, цэвэрч байх, хэт задгай хувцаслахгүй байх, олон нийтийн газар утсаар ярихгүй, юм идэхгүй, бусдад хаана хэзээ ч төвөг болохгүй байх. Оочер дарааллыг сайтар сахих гэх мэт дүрэм журмууд заримдаа монгол хүнийг залхаадаг бололтой байдаг. Мөн япон хэлээр япон хүнтэй л эсвэл япон хэлтэй хүнтэй, японд л ярина. Англи хэлээр дэлхий нийт ойлголцох хэмжээнд хүрч байна гэх мэтийг тооцоолох хэрэгтэй мэт. Японд албан тушаал боловсрол өндөр хүн байх тусам эелдэг соёлтой байдаг нь ажиглагддаг. Эсрэгээрээ боловсрол бага тусам ааш авир муутай мэт санагддаг тал бий. Энэ нь японы боловсролын нэг номерт тавьдаг зүйл нь эхлээд хувь хүмүүжил хүн байхад сургадагтай холбоотой юм байна. Уулын мод урттай богинотой бүх япон хүн сайн гэсэн үг биш. Гэхдээ энэ улсаас сурах авах зүйл маш их. Үндэстэн болгоны онцлог бий. Өөрийн онцлогтоо таарах авах зүйлийг нь аваарай гэж хэлмээр санагддаг.

Сэтгүүлч мэргэжилтэйн хувьд танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлд өөрийн хувь нэмрээ эх орондоо оруулж, энэ улсын амьдралын хэв маяг, эрүүл урт наслалтын нууц, хүчирхэг эдийн засгийнх нь бодлого, боловсролын салбарынх нь онцлог, ажил хөдөлмөрийн дүрэм. Үйлдвэржилтийг хэрхэн бүтээж авч явж байна гэх зэрэг олон сэдвээр нийтлэл, нэвтрүүлэг түгээх зорилгоор "Гана Ням-Очир Ганчимэг" фэйсбүүк фэйж хуудсыг эхний ээлжинд хөтлөн явуулж эхлээд байна. Энэ улсын хэв маягаас эх орондоо таниулах чиглэлд бодсон зорьсон өөр зүйлс бас бий. Наашаа ирсэн зорилго маань ч үүнтэй холбоотой.  Мэдээж аливаа орноос авахыг аваад, хаяхаа  хаяад өөрийн орны онцлогт тохируулж хөгжих нь чухал. Төрсөн гэр эх орноос илүү диваажин дэлхийн хаана ч байхгүй. Гэвч олон орны залуустай мөр зэрэгцэн, юм үзэж нүд тайлах сайхан. Туулж, давж байж хүрэх жаргал гэж бий хэмээн гадаадад байгаа шантарч буй дүү нартаа хэлмээр байдаг. Юуг ч давж чадахгүй бол юунд ч хүрэхгүй.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа. 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн би(122.201.31.91) 2020 оны 06 сарын 10

Японд гудамжд хоног төөрүүлж өлсөж ундаацсан хүн байхгүй шүү.

0  |  0
Bolor(66.181.161.84) 2020 оны 06 сарын 09

Үнэн зөв мэдээлэл өгсөнд баярлалаа.

0  |  0
khash(66.181.161.72) 2020 оны 06 сарын 09

Amjilt husie.

0  |  0
Зочин(66.181.184.120) 2020 оны 06 сарын 10

Бүгд л МОНГОЛЫГ хаяж өөрийн жаргалыг хөөсөн . Одоо тэгээд үлдсэн хэддээ зовлон БОЛЖ ирж байгаа юм биздээ .

0  |  3
z(202.21.109.131) 2020 оны 06 сарын 10

hohchin mongol ulsaa hayad yabchaad ya gegheed bgaa yam be

0  |  2
teneg(218.219.32.50) 2020 оны 06 сарын 09

zorgooro shaahimaa neere

0  |  0
харамсалтай(66.181.186.168) 2020 оны 06 сарын 10

ЭНЭ хэт улаан хувьсгалч зангаа зарим нөхөд болимоорсон. АРАЙ л хэтрүүлэх юм. БӨХчүүдийг бээлий, масктай барилдуулахын оронд болиулсан нь дээр дээ. ХИЛ сайн хянаж байхад их дүвчин зан хэрэг алга. КОНТЕЙНЕРийг 21 хоног тусгаарлана гэсэн утгагүй шийдвэр гаргаж байна. СОНГУУЛ. 30 жил төр бариад 30 тэрбум долларын өрөнд ард түмнээ оруулж, АВЛИГА цэцэглүүлсэн МАН, АН ыг дахиж төрд гаргаж болохгүй шүү, САЙХАН ярьж байна. САЙХАН хөтөлбөр дэлгэнэ. БАЙНГА хууртах хэрэг байхгүй. ОДОО эх орноо гэх сэтгэлтэй , шударга иргэдээсээ сонгох цаг ирлээ

2  |  0
Ардчилсан намын ахма(122.201.24.99) 2020 оны 06 сарын 10

Эх орныхоо бүтээн байгуулалтанд гар бме оролцож хийж бүтээхийн оронд харийн оронд доншуучилж улмаар эх орондоо 3 сая хүн амаа өвчлүүлэх нян вирус тээж ир гэж Ардчилсан Хувьсгалыг Хийгээгүй юм шүү. . Ардчилсан Намын дарга Эрдэнэийн хийсэн мэдэгдлийг 100% дэмжиж байгаа шүү. Короног имтортлох шаардлагагүй шүү дээ

0  |  4
Top