Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин өнгөрсөн мягмар /2020.06.09/ гарагт цар тахлын үед хүнд нөхцөлд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчид болон төрийн албан хаагчдын төлөөлөлд орон сууцны батламжийг нь гардуулж өгсөн билээ. Учир нь, Засгийн газраас Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцаар хангах тухай тогтоолын төслийг баталж, цар тахлын үед хүнд нөхцөлд ажиллаж байгаа 1500 орчим албан хаагчийг орон сууцтай болгохоор болсон юм. Харин эхний ээлжид 10 эмч, эмнэлгийн ажилтанд орон сууцных нь батламжийг гардуулж өгсөн. Тэдний нэг ХӨСҮТ-ийн их эмч Р.Циентэй утсаар холбогдож, сэтгэгдлийг нь сонссон юм.
-Юуны өмнө танд баяр хүргэе. Төр, засгийн зүгээс цар тахлын голомтод, хүнд нөхцөлд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдад түрээслээд өмчлөх боломжтой орон сууцны батламжийг гардууллаа шүү дээ?
-Баярлалаа. Дэлхий нийтээрээ амаргүй, хүнд цаг хугацааг туулж байна шүү дээ. Эрүүл мэндийн ажилчид болон эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын ар гэрт давхар санаа тавьж, дэмжлэг үзүүлж байгаа Засгийн газартаа үнэхээр их талархаж байна. Эхний 10 хүн байрныхаа батламжийг гардаж авлаа, тэдний нэг болсондоо баяртай байна. Энэхүү үйл явдал нь манай хамт олонд их урам өглөө. Цаашид ажлаа үр бүтээлтэй, ар гэртээ санаа зовохгүй хийх эрч хүч, зориг өглөө. Үнэхээр их баяртай байна, талархаж байна.
-Та ам бүл хэдүүлээ вэ. ХӨСҮТ-д хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?
-Би гурван хүүхэдтэй, гэр хороололд амьдардаг. Ам бүл тавуулаа. ХӨСҮТ-д 15 дахь жилдээ тархвар судлалын их эмчээр ажиллаж байна.
-Хэдийгээр Засгийн газрын зүгээс халдварын голомтод, хүнд нөхцөлд ажиллаж байгаа эмнэлгийн ажилтан, төрийн албан хаагчид орон сууц олгохоор болсон ч ХӨСҮТ-ийн хувьд ямар шаардлага тавьсан юм бэ?
-Бид халдварын голомтод ажилладаг. Хамт олны дундаас сонгон шалгаруулалт явуулсан. Гэхдээ би өөрийн биеэр Шадар сайдаас батламжаа гардаж авч чадаагүй. Эрүүл мэндийн шалтгаантай байсан. Харин миний оронд манай гэр бүлийн хүн төлөөлж авсан.
-Халдварын голомтод ажиллахад ямар нэгэн хүндрэл, бэрхшээл гарч байх юм уу. Анх коронавирусний халдвар дэгдэж эхлэхэд, Монгол Улсад анхны тохиолдол бүртгэгдэхэд та бүхний ажиллах орчин хийгээд сэтгэл зүй хэр бэлтгэлтэй байсан бэ?
-Өмнө нь дэлхий нийтийг хамарсан цар тахал гарч л байсан. Миний хувьд тэр бүхэнд гар бие оролцож, иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө ажиллаж, амжилттай туулсан. Халдварт өвчинд хил хязгаар гэж байхгүй. Ялангуяа агаар зам, амьсгалаар дамждаг. Энэ бол дэлхий нийтийн асуудал юм. Тиймээс бид Монгол Улсын хэмжээнд гэж авч үзэлгүйгээр дэлхий нийтийн хэмжээнд авч үздэг. Манай улсын хувьд халдварт өвчин судалж, хянаж байх тогтолцоо нь бий болчихсон. Өглөө 07:00 цагаас ажилладаг. Ажлын цаг дуусна гэж байдаггүй. Шаардлагатай гэвэл шөнө ч ажилладаг. Бүр хэдэн хоногоор харихгүй ч ажиллах тохиолдол гардаг. Дээр нь байнгын бэлэн байдалд, сонор сэрэмжтэй байх шаардлагатай болдог. Хүн төрөлхтөнд сөрөг нөлөө үзүүлж болохуйц ямар үйл явдал болж байгааг байнга тандаж, судалж, хянаж байдаг. Анх коронавирусний халдвар дэгдлээ гэдгийг сонсоод ганц л зүйлд санаа зовж байсан.
-Юу тэр билээ?
-Цар тахал гарч хил, гаалиа хаагаад эхлэхэд хамгийн эхэнд хамгаалалтын хувцас байхгүй байх вий гэдгээс санаа зовж, айж байсан. Өмнө нь амны хаалт хүртэл олдохгүй нөхцөлд ажилладаг л байсан. Энэ ч утгаараа коронавирусний халдвартай хамгаалах хэрэгсэлгүй яаж тэмцэнэ гэх айдас бүгдэд нь байлаа. Үнэхээр санаа зовж, зовниж байсан шүү. Гэвч манай улс энэ нөхцөл байдлыг өөрөөр давж чадсан. Учир нь, өндөр хөгжилтэй орнууд эрүүл мэндийнхээ ажилчдыг хамгаалах хувцсаараа хангаж чадаагүй тохиолдол их гарсан. Үүнээс болж эмч, эмнэлгийн ажилчид нь халдвар тусаж, нас барсан олон тохиолдол бий шүү дээ. Харин Монгол Улсын хувьд эсрэгээрээ байсан. Энэ салбарыг маань хариуцаж байгаа Д.Сарангэрэл сайд шуурхай, манлайлж удирдсан. Дотоодын үйлдвэрүүдийг зохион байгуулалтад оруулж, хамгийн эхэнд биднийг хамгаалах хэрэгслээр хангаж өгч чадсан. Халдвартай тэмцэх хамгийн чухал зэвсэгтэй болсондоо эмч нар баярлаж, догдолсон шүү. Дахин хэлэхэд эмч, эмнэлгийн ажилчид хүнд нөхцөлд ажилладаг гэдгийг төр засагт таниулж, ар гэр нийгмийн асуудлыг шийдэж өгсөн салбарын сайддаа баярлалаа. Чин сэтгэлээсээ хандаж, орон сууцны хөтөлбөрийг бодитоор хэрэгжүүлж байгаа Засгийн газартаа талархаж байна. Хамт олныхоо өмнөөс үнэхээр их баярлаж байгаагаа илэрхийлье.
Сэтгэгдэл ( 1 )
төр засаг маань борлуулалтгүй байгаа энэ орон сууцнуудын асуудлыг ээлж дарааллаар ийм байдлаар шийдчихвэл хичнээн айл өрх орон байртай, үр хүүхэддээ санаа зовохгүй байх бол ингэж л ажиллах хэрэгтэй эмч, цагдаа, онцгой, багш нар гээд ээлжлээд орон сууцтай болгочихвол 30%-ийг төр даачихаж болно шдээ үлдсэнийг нь зээлд хамруулаад ажилтай цалинтай хүмүүс чинь зүтгэж байгаад л төлчихнө шдээ \n