Монголын Хөлбөмбөгийн Холбооноос Азийн Хөлбөмбөгийн Холбооны нийгмийн хариуцлагын “Dream Asia Awards”-ийн шагналаараа 3 давхар хамгаалалт бүхий амны хаалт, иж бүрэн хамгаалалтын хувцас, зайнаас халуун хэмжигч зэрэг нийт 20.0 сая төгрөгийн үнэ бүхий зүйлийг УОК-т хандив болгон өгч байгаа юм.
Өнөөдөр МХБХ-ны Ерөнхийлөгч, АХБХ-ны Дэд Ерөнхийлөгч А.Ганбаатар,МХБХ-ны Зөвлөлийн гишүүн М.Болд, МХБХ-ны ЕНБД-ийн үүрэг гүйцэтгэгч, АХБХ-ны Нийгмийн хариуцлагын хорооны гишүүн Ч.Мөнхзул , АХБХ-ны тоглолт зохион байгуулагч С.Жаргал, нар УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшинд бараалхаж хандивын дээжээс гардуулав.
Уг уулзалтын үеэр АХБХ-ны Дэд Ерөнхийлөгч А.Ганбаатар Монголын хөлбөмбөгийн ололт амжилтууд, тун удахгүй хийх олон улсын тоглолтууд, ирээдүйд гаргах боломжтой амжилтууд, үндэсний шигшээ баг ДАШТ-ий урьдчилсан шатны хоёрдугаар шатанд шалгарч, Азийн АШТ-нд оролцох боломжтой байгаа нөхцөл байдлын талаар товч танилцууллаа. Тэр ч үүднээс шигшээ багийн тоглогчдыг тогтмол бэлтгэлтэй байлгах чухал тэмцээнүүд болох хөл бөмбөг болон футзалын дээд лиг, хөл бөмбөгийн нэгдүгээр лигийг үзэгчгүйгээр зохион байгуулах хүсэлт тавьж, зөвшөөрөл хүслээ.
Түүнчлэн МХБХ тивийнхээ шилдэг холбоодтой мөр зэрэгцэн өрсөлдөж, тэргүүлэх байр суурьтай байдаг, мөн нийгмийн хариуцлагаа сайтар хэрэгжүүлдэг холбоо гэж үнэлэгддэг тул АХБХ-оос дэмжлэг авч эх орондоо хэрэгтэй, нийгмийн сайн сайханд чиглэсэн олон ажил хийж байгаагаа танилцууллаа. Тухайлбал АХБХ-ны Ерөнхийлөгч Шэйх Салманы дэмжлэгтэйгээр 79-р дунд сургуулийн талбайг шинэчлэх, хувцас солих байр барих ажил хийгдэж эхэлсэн бөгөөд энэ есдүгээр сард дуусахыг мэдээлж нээлтийн үйл ажиллагаанд оролцохыг урьлаа. Мөн АХБХ-ны дэмжлэгтэйгээр МХБХ, МУЗН хамтран дунд сургуулийн биеийн тамирын багш нар, өсвөрийн багийн дасгалжуулагч нар анхны тусламжийн цуврал сургалтыг зохион байгуулж байгаагаа танилцуулсан юм.
Эцэст нь 2019-2020 оны хичээлийн жилд Унгарын хөл бөмбөгийн нэр хүндтэй Пушкаш академид суралцан амжилттай төгсөөд байгаа 15 настай Г.Буяннэмэх, Э.Саруул нар цар тахлын улмаас Будапешт хотод хүнд нөхцөлд гацаад байгааг уламжлахад Шадар сайд Ө.Энхтүвшин дараагийн тусгай үүргийн нислэгт хөл бөмбөгчин хүүхдүүдийг багтаан авчирна гэлээ.
Эх сурвалж: МХБХ