Коронавирусний халдвартай 16 хүн эдгэрч, Беларус улсаас ирсэн дөрвөн жолоочоос халдвар илэрснийг мэдээлсэн. Тэгвэл коронавирусний өвчлөлтэй холбоотой мэдээллүүдийг тодотгох тоонуудыг хүргэе.
Өчигдөр буюу 17-ны өдөр ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид нийт 363 шинжилгээ /PCR/ хийхэд дөрвөн хүнд "Ковид-19" халдвар илэрчээ.
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 20 жолоочийн шинжилгээгээр Беларус улсын дөрвөн жолооч халдвартай болох нь батлагдсан байна.
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 255 иргэнээс таван хүн ХӨСҮТ-д, 12 хүн Цэргийн төв эмнэлэгт, бусад нь ажиглах байруудад тусгаарлагджээ.
Бусад шинжилгээ:
ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 16 хүн эдгэрч, өнөөдөр дараагийн тусгаарлалт руу шилжиж байна. Тухайлбал:
ОХУ-ын цэргийн болон бусад сургуулийн 19-23 насны 15 оюутан, мөн 35 настай 1 оюутан байгаа аж. Эмэгтэй 2, эрэгтэй 14 хүн байна.
Эмчилгээний хугацаа 18-65 хоног үргэлжилжээ.
Орон нутгийн 17 чиглэлд галт тэргээр зорчсон 5000 гаруй хүнд тандалт, судалгаа хийж, асуумж авахад халдвар илрээгүй байна.
Өнөөдрийн байдлаар, ХӨСҮТ-д 124 хүн тандалт, судалгаа, хяналт, эмчилгээ, шинжилгээнд хамрагдаж байна.
Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавируст "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдол 201 байна. Үүнд:
ХӨСҮТ-д эмчлүүлж эдгэрсэн 127 хүн байгаа бол, өдгөө эмчилгээ, ажиглалтад 74 хүн хамрагдаж байна.
Биеийн байдал хөнгөн 69, хүндэвтэр 5 хүн байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )