Монгол Улсад БНХАУ, ОХУ, Энэтхэг улсад үйлдвэрлэсэн гурван төрлийн вакцин орж ирсэн, эхний вакцинжуулалт явагдаж байгаа. Тэгвэл эдгээр вакцины үр дүн болон хүний биед хэрхэн дархлаа тогтоодог талаар АШУҮИС-ийн Дархлаа судлалын тэнхимийн эрхлэгч, АУ-ны доктор Т.Хонгорзул мэдээллээ.
-Одоогоор дэлхийд хэдэн вакцин туршилтад байгаа вэ. Манай улсад орж ирсэн гурван төрлийн вакцины талаар товч мэдээлэл өгнө үү?
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр дэлхий нийтэд эмнэл зүйн үе шатандаа явж байгаа 72 вакцин, эмнэл зүйн туршилтаас өмнөх шатанд явж буй 182 вакцин байна. ДЭМБ-аас 10 гаруй вакциныг яаралтайгаар хэрэглэхийг зөвшөөрсөн. Үүнд, Фрайзер, АстраЗенека, Синофарм, Модерна зэрэг үйлдвэрлэгчид багтаж байгаагаас Монгол Улсад гурван төрлийн вакцин орж ирсэн. Энэтхэг улсын Серум институтээс үйлдвэрлэсэн АстраЗенека вакциныг дэлхийн 55 улс хэрэглэж байна. Хятад улсын Ухань, Бээжингийн институтээс үйлдвэрлэсэн Синофарм вакциныг 21 улс, ОХУ-ын Гамелегийн институтээс үйлдвэрлэсэн Спутник-V вакциныг 18 улс хэрэглэж байна.
-Эдгээр вакциныг заавал хоёр тунгаар хийлгэнэ гэж байгаа. Яагаад вэ?
-Дархлааны хариу урвалын эрчмээс хамаарч вакциныг хоёр тун хийлгэдэг. Эхний тунгаар хүний бие махбодид төрөлхийн дархлаа, өвөрмөц дархлааны хариу урвал өрнөдөг. 21-28 хоногийн дараа хоёр дахь тунг хийж байгаа. Хоёр дахь тунгаар өмнөх өрнөсөн дархлааны өвөрмөц хариу урвалыг илүү хүчтэй өрнүүлэх зорилготой. Хоёр дахь тунгийн дараа дархлааны хариу урвал хүчтэй бөгөөд хурдан хугацаанд өрнөдөг. Эдгээр шинж чанар дээр үндэслээд вакциныг хоёр тун тарьдаг.
-Коронавирусний эсрэг вакцин хүний биед ямар нөлөө үзүүлдэг вэ?
-Вакцин хийлгэхэд дархлааны маш олон төрлийн эс зэрэг идэвхжинэ. Эсүүд идэвхжиж биологийн идэвхит бэлдмэл цитокин ялгарна. Эсрэг бие гэдэг дархлааны уураг ялгарна. Ингэснээр вирусээр халдварлагдсан эс устдаг. Үүнээс гадна санамжийн Т болон В эс үүсдэг. Вакцины нөлөөгөөр хүний биед олон төрлийн эсүүд, олон төрлийн урвал зэрэг идэвхжинэ. Иймээс вакцин тариулсан хэсэг газар улайх, хавдах зэрэг шинжүүд илрэхээс гадна ерөнхий шинж тэмдгүүд илэрнэ. Үүнд, халуурах, булчин өвдөх, ядрах, сульдах гэх мэтчилэн вакцины дараах шинж тэмдэг илэрдэг.
-Дэлхийн улсуудад хийж буй судалгаагаар АстраЗенека вакциныг хүнд хийсний дараах үр дүн ямар байгаа вэ?
-Энэтхэг улсад үйлдвэрлэсэн АстраЗенека вакциныг Англи, Бразил, Өмнөд Африк улсад тариулсан 74341 хүнийг 3-4 сарын хугацаанд судлахад 168 хүнд вакцины хүнд хэлбэрийн урвал илэрч, вакцины үр дүнтэй байдал 70.4 хувь гарсан байна. Дараа нь мөн эдгээр улсад 17.1 мянга гаруй хүнд хийсэн судалгаагаар вакцины үр дүн 76 хувь, дархлааны хариу урвалын үр дүнд үүссэн хамгаалалт эхний гурван сард хэмжээ нь буураагүй хэвээр байсан үр дүн гарсан.
-Синофарм вакцины судалгааны үр дүн гүйцэд гараагүй гэсэн үү?
-Хятад улсад үйлдвэрлэсэн Синофарм вакциныг үйлдвэрлэгч Хятад улсаас гадна Бахрайн, Египет, Еордан, АНЭУ авч хэрэглэж байгаа. Эдгээр улсад вакцинд хамрагдсан 45 мянган хүнээс вакцины үр дүн, аюулгүй байдал, дархлаа тогтцыг судалж байгаа. Аргентин улсад 3000 хүнийг хамруулсан, Перу улсад 6000 хүнийг хамруулсан тус вакцины талаар судалгаа өрнөж байна. Вакцины дархлаа тогтоц, үр дүнг үнэлэхэд тодорхой хугацаа шаарддаг учраас үр дүн хараахан гүйцэд гараагүй гэж хэлж болно.
-ОХУ-д үйлдвэрлэсэн Спутник-V вакцины хувьд үр дүн ямар вэ?
-ОХУ-д үйлдвэрлэсэн Спутник-V вакциныг тариулсан 16.4 мянган хүнийг судалгаанд хамруулахад 45-д нь хүнд хэлбэрийн вакцины урвал илэрч, 91.6 хувийн үр дүнтэй байсан. Венесуэль болон Беларус улсад Спутник V вакцины үр дүн, аюулгүй байдал, дархлаа тогтцыг үнэлэх судалгааны ажил явагдаж байгаа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )