Б.Ууганбаяр: В, С вирустэй хүмүүс ч вакцин хийлгэж болно

2021 оны 03 сарын 29

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн 11:00 цагт мэдээлснээр өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын 575 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс нэг тохиолдол нь гуравдугаар сарын 18-нд Франкфурт-Улаанбаатарын нислэгээр ирсэн бол дотоодод халдвар авсан 574 тохиолдлын 400 нь Улаанбаатарт бүртгэгдэв. Харин 174 тохиолдол нь аймаг, орон нутагт илэрчээ. 

Мэдээллийн үеэр сэтгүүлчдээс ирүүлсэн дараах асуутад албаны хүмүүс хариулт өглөө.


-Бусад эмийн найрлагыг интернетээс харж болдог шиг вакцины найрлагыг нээлттэй тавьж болох уу?

ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа: Ер нь вакцины найрлагыг интернетээс харах боломжтой. Ялангуяа манайд ашиглаж байгаа дөрвөн төрлийн вакцины үйлдвэрлэгчийн вэб сайт руу ороод мэдээллийг авах боломж бүрэн байгаа. Бүх вакцинууд дотроо найрлага, савлалт, тун ба тарих арга нь ямар байдаг, эсрэг заалт, дархлаажуулалтын дараах урвал хүндрэл, мөн юунд анхаарах ёстой вэ, хадгалах, тээвэрлэх нөхцөл нь ямар байдаг, үйлдвэрлэгчийн бусад мэдээлэл, чанарын хяналт гэсэн ямар ч вакцины дагалдах хуудсанд байдаг. Тэгэхээр энэ мэдээллийг бүрэн авах боломжтой.

-Элэгний вирустай хүн вакцин хийлгэж болно, болохгүй гэж маргаан үүсгэж байна. Вакцины хориглох заалтыг дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү?

ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа: Элэгний вирустай хүн вакцин хийлгэж болох эсэх талаар ХӨСҮТ-ийн мэргэжлийн эмч тайлбарлаж өгсөн. Гэхдээ вакцинд эсрэг заалт болон анхааруулга гэсэн хоёр өвөрмөц асуулт байдаг. Эсрэг заалт гэхээр харшлын өгүүлэмжтэй, өмнө нь шоконд орох зэргээр урвал үзүүлж байсан, зочмог халдварт өвчтэй, сүүлийн нэг жилийн хугацаанд таталт өгч байсан, мэдрэлийн үрэвслийн хам шинжтэй, жирэмсэн, өмнө нь ямар нэгэн вакцин хийлгээд хүнд хэлбэрийн урвал өгч байсан хүнд тухайн вакциныг огт хийж болохгүй гэсэн байдаг. Цочмог халдварт өвчин гэдэг нь яг одоо цочмог илэрч байгаа шинж. Жишээ нь, манайханд В, С дельта вирус бол элбэг байдаг. Үүний ихэнх нь архаг хэлбэртэй, зочмог хэлбэрийнх нь хүмүүсийн ихэнх нь ХӨСҮТ-д хэвтэж эмчлүүлдэг. Хяналтад байдаг. Цочмог хэлбэрийн хүмүүс вакцин хийлгэж болохгүй гэсэн эсрэг заалттай байгаа.

Харин анхааруулах заалт гэдэг нь тухайн эмчээсээ асуугаад, эмч нь үзлэгийн явцад тухайн хүнийг вакцин хийлгэж болох, болохгүй эсэхийг хэлж өгөх хэлбэр. Анхааруулах заалтад дархлааны дутмагшилтай, гормон эмчилгээтэй, дархлаа дарангуйлах болон дархлаа сэргээх эмчилгээ хийлгэж байгаа, цус бүлгэнэлтийн эсрэг эмчилгээ хийлгэж байгаа, архаг өвчний сэдрэлтийн үедээ яваа, мөн коронавируст өвчнөөр өвдөөд батлагдсан хүмүүс хамаарна. Бусад вакцинтай сарын зайтай хийлгэдэг учраас энэ хугацааг мөн анхаарах ёстой. Вакцины заавар дотор анхааруулга, эсрэг заалт гэсэн хоёр өөр ойлголт байдаг юм шүү. Эсрэг заалт нь энэ вакциныг огт хийлгэж болохгүй, анхааруулга гэдэг нь саяны хэлсэнчлэн эмчийн заалтаар, тухайн шинж тэмдэг илэрсэн байгаа бол эмчдээ үзүүлээд, эмчийн заалтаар вакцинаа хийлгэх, хийлгэхгүй эсэхээ шийдэх хэлбэр гэсэн үг. 

Б.Ууганбаяр: Элэгний В, С вирус, чихрийн шижинтэй холбоотой асуудлаар хүмүүс вакцин хийлгэх эсэх дээр их эргэлзэж байна. Сүүлийн өдрүүдэд мэргэжлийн эмч нар ч тайлбарлаад байгаа. Ерөнхийдөө энгийнээр ойлгох юм бол В, С вирустэй ч та вакцин хийлгэж болно. Хэрвээ вакцин хийлгэсэн бол танд аюулгүй, ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүй. Архаг буюу ХӨСҮТ-д хяналттай хүмүүс байгаа учраас тэр хүмүүст эмч нар зөвлөөд явж байгаа юм. Тиймээс та бүхэн үүнд айдаст автахгүй байж болно гэдгийг ЭМЯ-ны зүгээс албан ёсоор мэдэгдэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top