Нийслэлээс гарах гэсээр тээвэрлэсэн хүнс нь муудаж эхэлжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 31

-Орон нутаг нь зөвшөөрөөгүй бол нийслэлээс гаргахгүй-



Ковидын халдвар өдөр бүр 400-500-гаар нэмэгдэж, хөдөө орон нутагт ч олон тохиолдол бүртгэгдлээ.

Одоогийн байдлаар 14 аймагт халдвар тархсан бөгөөд нийт 784 тохиолдол хүрчээ. Халдварын голомт болсон нийслэл хотоос ковидын вирус зөөвөрлөгдөж орон даяар бүхэлдээ цар тахалд нэрвэгдэхээс сэргийлж орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг энэ сарын 28-наас ирэх сарын 11 хүртэл 14 хоног хаалаа. Нийслэлээс орон нутаг руу явах хөдөлгөөн тасрахгүй байгаа бөгөөд зорчигдоос хэд хэдэн бичиг баримт шаардаж байв. Баруун чиглэлийн аймаг руу явдаг 22-ын товчооны шалган нэвтрүүлэх пост дээр гарах чиглэлд нь уртаас урт дараалал үүсжээ. УОК-ын ажилтан, цагдаагийн ажилтнууд машиныг нэг, нэгээр нь зогсоож шинжилгээний хариу болон орон нутгийн Онцгой комиссын хүлээж авахыг зөвшөөрсөн бичгийг шаардаж байлаа. Мөн зорчигчид бүгд асуумж бөглөж байв. Шаардлага хангаагүйг нь замын хажуу руу зогсооно. Алба хаагчид 24 цагаар тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд өдөрт зөрчилгүй 300-600 машин нэвтрүүлдэг бол баасан гаригт хотоос гарах хөдөлгөөн нэмэгдэж, ням гаригт хот руу орох хөдөлгөөн ихэсдэг аж. Зөрчилтэйд тооцогдсон машины хүмүүс нэг дор бөөгнөрч дор, дороо гайхах, бухимдах, аргаа барах зэргээр нэг нэгэндээ тайлбар тавьж зогсоно. Зарим нь  цагдааг ээрч, хойно урд нь гаран царайчлах аж.

Учрыг лавлавал нэгэн казак эр энэ сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Онцгой комиссын нэвтрэх бичгийн зөвшөөрөлтэйгээр нийслэлд орж иржээ. Гэтэл 29-ний өдөр хүнс ачаад буцах гэтэл шинээр бичиг авах ёстой болов. Мөнөөх эрийг Т.Сэрикжан гэдэг бөгөөд гурван том ачааны машин руу зааж хүнс тээвэрлэлтийг зөвшөөрнө гэсэн биз дээ хэмээн гайхаж байв. Тэрбээр “Өнөөдөр л амжиж гарахгүй бол ачаанд хөлдөх, муудах хүнсний бүтээгдэхүүн байгаа. 20-ны өдрийн зөвшөөрлийн бичгээ хүчинтэй гэж бодоод гарах гэтэл гаргахгүй байна. Бид энэ талаар мэдсэн бол анхнаасаа бүх бичиг баримтаа бүрдүүлээд ирэх байсан шүү дээ” гэж бухимдаж байлаа. Үнэхээр л нийслэлээс гаргахгүй байгаагийн улмаас тээвэрлэж буй хүнс нь муудаж эхэлсэн талаар хүмүүс ярьж байв. Мөн нэгэн залуу бие муутай ах дээрээ очих гээд шинжилгээгээ өгчихөөд Булган аймаг руу гарсан боловч мөн л тус амгийн Онцгой комиссоос нэвтрэх зөвшөөрлийн бичиггүй тул ийнхүү 22-ын товчоон дээр гацжээ. Тэрбээр цагдаагийн ажилтанд учир байдлаа хэлээд гуйсан боловч хууль дүрмээ барина гээд халгаасангүй. Уг нь цахим хөгжсөн энэ үед хувийн регистр, машины дугаараа бүртгүүлээд зөвшөөрлийн бичгээ зургаар харуулж болох аж. Иргэд дор бүрдээ ийш тийш утас цохиж арга чарга хайж байв.

Хөдөө орон нутаг руу зорчих зөвшөөрөл бүхий үйл ажиллагаа нь хүнсний бүтээгдэхүүн, шатахуун  тээвэрлэлт, эм, эмнэлгийн хэрэгсэл,  эрүүл мэндийн үйлчилгээ, мал, амьтны өвс тэжээл тээвэрлэлт, оршуулгын үйл ажиллагаанд оролцох зэрэгт шуурхай штабт хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлнэ.  Бусад шаардлага, нөхцөлөөр иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын зорчих хүсэлтийг хүлээж авахгүй бөгөөд зайлшгүй гэж үзвэл тухайн орон нутгийн Онцгой комисстой зөвшилцөнө. Иргэд шинжилгээний хариу нь “сөрөг” гарсан л бол асуудалгүй явчихна гэсэн хөнгөн хуумгай бодлоор ийнхүү уртаас урт дараалал үүсгэх нь элбэг байв. Хотоос гарах боломжгүй болсон иргэдийн нэг Д.Б гэх залуу Төв аймгийн Баянжаргалан суманд хүлэмжийн аж ахуй эрхэлдэг бөгөөд хэдэн ажилчдаа дагуулан тариалалтын ажлаа эхлүүлэх санаатай замд гарчээ. Тариалан эрхлэх газрынх нь гэрчилгээ бий боловч өөрөө хотын харьяалалтай. Төв аймгийн Баянжаргалан сумын Онцгой комиссоос нэвтрэх бичиг аваагүй тул энд “хоригджээ”. Ийнхүү өөр, өөрийн олон шалтгаанаар гацсан иргэдийн цаана амьдрал, мөнгө санхүү, цаг хугацаа урсаж буй. Зорилго тээн гарсан хэн бүхний хүсэл алгын чинээ цаасанд бүдэрч “сөрөг” гэсэн хариутайгаа тоосонд замхран үлдэв.

Харин хөдөөг зорьж буй орон нутгийн харьяалалтай иргэнд шинжилгээний бичигтэй байхад л хангалттай аж. Иргэний үнэмлэхний хаяг нь нэг гэрт амьдардгийг нь нотолж байгаа бол нөгөө хүнээс нь шинжилгээний бичиг нэхэхгүй байлаа. Харин  нийслэл рүү орох хөдөлгөөнд харьяалал харгалзахгүй бөгөөд ногоон бүсээс ирж байгаа бол шинжилгээний бичиг шаардахгүй, халдвар гарсан аймгаас ирж байгаа бол шинжилгээний бичгийг нь шалгаж байв.    Иргэд эхэндээ хулгайн замаар нэвтрэх гэж оролдож, хотоос гарахын тулд явган алхах зэргээр алба хаагчдад хүндрэл учруулж байж.

Эдгээр зөрчлийг цагдаагийнхан илрүүлж арга хэмжээ авснаар эрс цөөрчээ. Энэ мэтчилэн иргэд хууль зөрчсөн үйлдэл гаргаж бүхэл бүтэн нэг аймгийг эрсдэлд оруулахгүй байхыг Онцгой комиссын алба хаагчид сануулж байлаа. Өмнө нь 22-ын товчоон дээр бие муутай хүн хот руу орох гэж ирээд нас барж байсан тохиолдол гарч байсан бол энэ удаа яаралтай тусламж шаардлагатай хүн ирвэл анхны тусламж үзүүлээд, 103 дуудаж дараагийн шатлалын эмнэлэгт хүргэх аж. Тиймээс товчоон дээр эрүүл мэндийн ажилтан ч ажиллаж байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top