Эрүүл мэндийн яамнаас коронавирусний нөхцөл байдлын мэдээллийг 2021.03.30-ны 09:00 цагийн байдлаар хүргэлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 481 тохиолдол шинээр бүртгэгдээд байна.
Коронавируст халдварын цар тахлын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас халдварын эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөний саналаа УОК-т танилцуулаад буй. Тус саналд 2021 оны дөрөвдүгээр сарын 03-18-ны өдрүүдэд “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал”, эрсдэлийн УЛААН түвшинд шилжих тухай тусгасныг УОК дэмжсэн байгаа.
Тэгвэл хөл хорио тогтоосон өдрүүдэд коронавирусний вакцины хоёр дахь тун хийлгэх ёстой иргэд хэрхэн яаж вакцинд хамрагдах вэ гэсэн асуултад дараах хариултыг өгч байна.
“Вакцины хоёр дахь тунгуудыг хийх хугацаа дөрөвдүгээр сарын эхээр эхэлнэ. Хөл хорионы тухай шийдвэрийг Засгийн газар эцэслэн шийдвэрлэнэ. Хөл хорио тогтоосон нөхцөлд тухайн нөхцөл байдлаас хамаарсан зохицуулалтууд хийгдээд явна. Вакцин хийлгэсэн хүмүүсийн гар утсанд мессеж ирж байгаа. Хоёр дахь тунгаа хийлгэхийн өмнө мессеж ирэх юм. Тухайн иргэний амьдардаг байршлаас хамааран хороо, ӨЭМТ-өөс холбогдож, мэдээлэл өгөх байдлаар зохицуулалт хийгдээд явна байх” гэлээ.