Г.Болдмаа: Гормоны эм уудаг хүмүүс вакцин хийлгэхэд болно

2021 оны 03 сарын 30

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын өнөөдрийн мэдээллийн үеэр сэтгүүлчдээс ирүүлсэн дараах асуултад ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа дараах хариултыг өглөө.


-Вакцины эсрэг заалттай иргэн ковидын вакцин хийлгэсэн тохиолдолд алсдаа эрүүл мэндэд нь ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ. Энэ талаар судалгаа хийгдэж байна уу?

-Одоогоор 100 гаруй улсад дархлаажуулалтын үйл ажиллагаатай холбоотой судалгаануудыг ДЭМБ хийж байгаа. ДЭМБ-д нэгдүгээр сарын чуулганаар 100 гаруй улсын эрдэмтэн чуулаад, ковидын халдварын үеийн нөхцөл байдал, мутаци, вакцинжуулалтын үйл ажиллагааг судалж байгаа. Судалгааны үр дүнгүүд шинэ цар тахлын хүрээнд үргэлжлээд явж байна. Тэгэхээр яваандаа судалгааны үр дүн бидэнд харагдах байх гэж бодож байна.

-Олон хүнтэй харьцдаг тул худалдаа үйлчилгээний байгууллагын ажилчдыг вакцинд хамруулсан. Тэгвэл үсчин, гоо сайханчдыг хэзээ вакцинжуулах вэ?

-Үсчин, гоо сайхан, аж ахуйн нэгж, албан байгууллагууд байршиж байгаа орон нутаг, дүүрэгтээ хүсэлтээ өгсөн байх гэж бодож байна. Дархлаажуулалтад хамрагдах хүсэлтээ өгсөн иргэдийн тоо, мэдээлэл, овог нэр, регистр, утасны дугаар зэрэг мэдээллүүдийг албан бичгээр хүргэсэн бол эдгээр бүх мэдээлүүд төлөвлөлтөд орсон байгаа. Тэгэхээр нэмэлт вакцин татан авалтаар ирсэн вакцины төлөвлөгөөнд уг хүмүүсийг хамруулахаар бэлдсэн байна.

-Гормоны эм уудаг хүмүүс вакцин хийлгэж болох уу? Жишээ нь бамбайн дутагдлын эм уудаг хүн ХӨСҮТ-өөс асуухаар болохгүй гэх юм. Өрхийн эмнэлгээс хийлгэж болно гэсэн хариулт өгөөд байна. Энэ эргэлзээг тайлж өгнө үү?

-Гормоны эм уудаг хүмүүс вакцин хийлгэхэд болно. Гэхдээ дотоод шүүрлийн эмчдээ үзүүлээд, гормоны сэдрэлийн үе байна уу, өвчлөлийн ямар үе байна вэ гэдгээс хамаарна.

Дөрвөн төрлийн нийтлэг заавартай вакцинууд байгаа. Тухайн вакцинууд дотор ЭСРЭГ ЗААЛТ гэдэг нь ОГТ ХИЙЛГЭЖ БОЛОХГҮЙ, харин АНХААРУУЛГА заалтанд гормон эмчилгээ болон дархлаа дарангуйлах, дархлаа сэдрээх эмчилгээ хийлгэж байгаа хүмүүст, эмчийн заалтаар, анхааруулгатай хийнэ гэсэн байгаа. Тиймээс тухайн хүмүүс эмчдээ үзүүлээд эмчийн зөвлөсний дагуу вакцинд хамрагдах эсэхээ шийднэ.

-Одоо хийгдэж байгаа вакцины үйлчлэлийн хугацаа хэдэн сар вэ? Хэрэв зургаан сар юм бол ирэх аравдугаар сараас иргэдээ дахин вакцинжуулна гэсэн үг үү?

-ДЭМБ-ын 100 гаруй орны эрдэмтдийн судалгаар бол одоогийн вакцинууд 6-8 сарын хугацаанд дархлал тогтоно гэсэн байгаа. Энэ цаашаа судлагдаад ДЭМБ-ын зөвлөмжүүд шинэ цар тахалтай уялдаад өөрчлөгдөөд явж байгаа учраас магадгүй 10 сард судалгааны үр дүн гараад өөрчлөгдөх магадлалтай.

-Антибиотикийн харшилтай иргэд ямар вакцин хийлгэх вэ? Өвчлөлийн шалтгааны улмаас вакцин хийлгэх боломжгүй иргэд байгаа юу?

-Ер нь аливаа харшлын сэдрэлийн үед вакцин хийлгэхийг хориглодог. Хэрэв харшлын сэдрэлийн үе эхэлчихсэн байгаа бол эмчдээ үзүүлээд эмчийн заалтаар вакциныг хийлгэж болно, болохгүй гэсэн шийдэлд хүрэх ёстой. Антибиотикийн тестээ тавиулж үзээд сэдрэлгүй, аль антибиотикоос харшилтай вэ гэдгээ мэдэж байгаа бол вакцин хийлгэж болно. Харшлын өгүүлэмж сэдрэлтэй, мөн шоконд орж байсан хүмүүс, мөн зочмог халдвартай хүмүүс хийлгэхгүй. Архаг өвчтэй хүмүүс вакцин хийлгэж болно. Мөн сүүлийн нэг жилийн хугацаанд уналт таталт өгч байсан, уналтын эсрэг эм уудаг хүмүүс вакцин хийлгэж болохгүй. Мөн мэдрэлийн хамт шинийн үед, жирэмсэн үед, ойрын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгэсэн бол болохгүй гэсэн заалттай. Ер нь вакцин хооронд нэг сарын зай байдаг.

-Халдвар аваад эдгэрсэн хүний хэдэн хувьд нь эсрэг биет үүссэн бэ. Үүссэн хүмүүс хөдөө, орон нутаг болон өөр газар чөлөөтэй зорчих боломжтой юу. Эдгэрсэн хүний PCR шинжилгээ сөрөг гарна. Тэгэхээр тэр хүмүүс ажлаа хэвийн хийж болох уу?

-Халдвар аваад эдгэрсэн нийт 4835 хүн байгаа. Эдгээр хүний 95 хувьд нь эсрэг биет үүсчихсэн байгаа. Эдгээр хүмүүс эсрэг биет үүссэн, давтан шинжилгээнүүд сөрөг гарсан үед нийгмийн харилцаанд хэвийн орж болно. Хамгийн гол нь өвчлөөд эдгэрсэн бол халдвар хамгааллын дэглэмээ цааш нь үргэлжлүүлэх баримтлах ёстой. Ингээд 6-8 сарын дараа дархлаажуулалтдаа хамрагдаад, нийгмийн харилцаандаа хэвийн оролцох боломжтой.

-ТЭЦ-4 станцийн вакцин хийлгэсэн 14 хүн ковид туссан гэсэн мэдээлэл гарлаа. Энэ үнэн үү?

-Өнөөдрийн байдлаар ТЭЦ-4 станц дээр халдвар гарсан гэсэн мэдээлэл ирээгүй байна. Үүнийг тодруулаад, дараа нь тайлбарлая.

-Гуравдугаар сарын 27-ны өдөр яагаад вакцин хийгдээгүй вэ. Дууссан уу?

-Гуравдугаар сарын 27-нд вакцин хийгдсэн. 28-нд буюу ням гарагт бүх эмнэлгийн ажилчдыг амраасан. Гэхдээ хөдөө орон нутгуудаар дархлаажуулалт хэвийн үргэлжилсэн. 29-өөс эхлээд дархлаажуулалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа.

-Дараагийн вакцин хэзээ, хэдэн тун ирэх вэ?

-Вакцины татан авалтууд дөрөвдүгээр сараас эхлээд хийгдэж байгаа. Вакцины давтан тунгууд дөрөвдүгээр сарын 02-оос эхлээд хийгдэнэ. Дөрөвдүгээр сарын 02-нд Синофарм вакцины 300 мянган хүн тун орж ирнэ. Мөн дөрөвдүгээр сарын 15-нд Синофарм вакцины 300 мянган хүн тун орж ирнэ. Мөн дөрөвдүгээр сарын сүүлээр Синофарм вакцины 300 мянган хүн тун ирнэ. Ингээд Синофарм вакцины нийт 900 мянган хүн тун ирнэ. Мөн Спутник вакцин нэмэлтээр 1 сая хүн тун орж ирнэ.

-Хатуу хөл хорио тогтоовол хоёр дахь тунгаа яаж хийлгэх вэ? Гадуур вакцины хоёр дахь тун хийж эхлэх тухай яриагдаад байна.

-Вакцин хийлгэсэн хүмүүсийн гар утсанд мессеж очиж байгаа. Хоёр дахь тунг хийлгэхийн өмнө гар утсанд нь хаана, хэзээ, хэрхэн хамрагдах тухай мэдээллийг тусгасан мессеж очно. Хөл хорио хараахан шийгдэгдээгүй байна. Тухайн үед нь зохицуулалт хийж, тухайн иргэнийг дуудах зохицуулалт хийгдэнэ гэж бодож байна.

Б.Ууганбаяр: Хатуу хөл хорио тогтоосон үед вакцинжуулалтыг эрчимжүүлэх бодлогыг барьж байгаа. Энэ хүрээнд тодорхой зохион байгуулалтуудыг хийнэ. Иргэдийг аль болох чирэгдэлгүйгээр ямар байдлаар зохион байгуулах талаар ЭМЯ тодорхой бодлого боловсруулаад ажиллаж байна. Тийм учраас хөл хорио тогтоосон ч таны гэрийн ойролцоо аль нэг цэг дээр вакцинжуулах ажлыг зохион байгуулна. Тиймээс иргэд хоёр дахь тундаа яг хугацаандаа, танд очсон мессежийн дагуу хамрагдана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top