Хавдартай хүн өвчилбөл эхлээд ковидын тусламж үзүүлнэ

2021 оны 04 сарын 03

ЭМЯ-ны өнөөдрийн 11:00 цагийн мэдээллийн үеэр ирүүлсэн хавдартай хүн ковидоор өвчилсөн тохиолдолд хэрхэх талаарх асуултад хариулт өглөө


-Хорт хавдараар эмчлүүлж байгаа хэдэн хүн "Ковид-19" халдвараар өвчлөөд байгаа вэ? Хорт хавдартай хүмүүс "Ковид-19" халдвараар өвчилсөн бол хэрхэн, яаж тусгаарлагдах вэ. Үндсэн эмчилгээгээ хийлгэх боломжтой юу? Туяа эмчилгээ хийлгэж байсан хүн халдвар авч, ХӨСҮТ-д тусгаарлагдсан байна. Гэвч туяа эмчилгээгээ хийлгэх боломжгүй нөхцөлд байна. Эдгээр хүмүүст яаж тусламж үзүүлэх вэ?

Ж.Байгалмаа: Ерөнхийдөө хавдар төдийгүй нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ шаардлагатай эмнэлгүүдэд сүүлийн үед өвчлөл бүртгэгдэж байна. ХСҮТ, ЭХЭМҮТ, СЭМҮТ зэрэг эмнэлгүүдэд өвчлөл бүтгэгдаж байна. Тиймээс цаашдаа тухайн төвүүд дээр тусгаарлалтын зохицуулалтуудыг хийж, үндсэн нарийн мэргэжлийн үйлчилгээг нь үзүүлэх байдлаар зохицуулж, дээрээс нь ковидын эмчилгээг хийх зохицуулалт хийгдэж байна.

Өнөөдрийн байдлаар хүнд болон маш хүнд хүмүүсээ бид ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт авч, эмчилж байна. Өнөөдрийн байдлаар хавдрын эмчилгээтэй 4 хүн, Цэргийн төв эмнэлэгт хавдарын эмчилгээ хийгдэж байгаа 10 хүн, нийт 14 өнөөдрийн байдлаар ковидын эмчилгээ хийгдэж байна. Эдгээр хүмүүс маань ковидын тусламж үйлчилгээг 10 хоног аваад, үргэлжлүүлээд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг тус үйлчилгээг үзүүлэх эмнэлгүүд дээрээ авах бүрэн боломжтой.

Б.Ууганбаяр: Ерөнхийдөө Ковид-19 халдварын тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлэгт байгаа хүндү, хүндэвтэр, маш хүнд хүмүүсийн тоо өсөх хандлагатай байгааг та бүхэндээ анхааруулж байгаа. Тэгэхээр эдгээр хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зайлшгүй шаардлагатай. Ингэхийн тулд эрүүл мэндийн салбар бүх зохицуулалтаа хийж, бүх ажлуудаа амжуулна. Гагцхүү энэ дээр иргэд та бүхний маань дэмжлэг, оролцоо чухал юм аа. Та хайртай хүнээ өвтгөхгүй, амь нас, эрүүл мэндийг нь хамгаалахын тулд бидэнтэй хамтарч ажиллаарай. Таны зүтгэл бидэнд том дэм болно гэдгийг хэлье.


Мөн өнөөдрөөс дараах тодорхой дэглэмүүд үйлчилж эхэллээ.

Засгийн газар болон УОК-ын тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын захирамжаар төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн хязгаарлалт тогтоох 16 чиглэлийг баталсан.

1. Бүх төрлийн баяр ёслол, тэмдэглэлт ойн арга хэмжээ, хурал, цуглаан, цайллага, хүлээн авалт
2. Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн
3. Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт
4. Соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ
5. Бүх төрлийн баар
6. Нийтийн бүжиг, бүжгийн клуб
7. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
8. Цахим болон бүх төрлийн тоглоомын газар
9. Сургалтын төв (танхимын болон үйлдвэрлэлийн сургалт 5-аас дээш хүнтэй бол)
10. Алжаал тайлах төв
11. Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв
12. Саун, бассейн
13. Дэн буудал
14. Шашны зан үйл, сүм, хийд, мөргөлийн газрууд
15. Амралт, сувиллын газар
16. Олимп, тив, дэлхий, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ (дотоод орчинд 5-аас дээш хүнтэй бол) үйл ажиллагаа явуулж болохгүй.

Ресторанууд заалны үйлчилгээ явуулахгүй, согтууруулах ундааны зүйлээр үйлчлэхгүй. Үйлчлүүлэгчдийн захиалсан хоолыг бэлтгэн савлаж, өгч явуулах, хүргэж өгөх байдлаар ажиллах шаардлага тавьж буй.

Дээрх чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд Улсын Онцгой комиссын “Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-д заасан тусгай нөхцөл, шаардлагыг чанд мөрдөн, үйл ажиллагаандаа өдөр, цагийн зохицуулалт хийнэ. Харин хүнсний дэлгүүрээс бусад зах, худалдааны төвүүд лангуу хоорондын зайг барьж, ажилчдынхаа 50 хүртэлх хувийн ирцээр ажиллана.

Top