ДЭМБ-ын Шинжээчдийн зөвлөх бүлгийн дарга Алехандро Кравиото БНХАУ-ын бүтээсэн вакцинууд тус байгууллагын шаардлагыг хангаж буй талаар мэдээлжээ. БНХАУ-ын “Sinopharm”, “Sinovac” компаниуд вакцины талаарх мэдээллээ ДЭМБ-ын Шинжээчдийн зөвлөх бүлэгт өнгөрсөн долоо хоногт хүргүүлсэн ажээ. Кравиотогийн мэдээлснээр, “Sinopharm”, “Sinovac”-ийн вакцины үр дүнгийн үзүүлэлт ДЭМБ-аас коронавирусийн эсрэг вакцинуудад тавьж буй шаардлагуудыг хангасан байна. Тэрбээр “ДЭМБ “COVID-19”-ийн вакцинд 50-иас дээш хувийн үр дүн үзүүлсэн байх шаардлага тавьж байгаа бол эдгээр вакцин нь 70 болон үүнээс дээш хувийн үр дүн үзүүлсэн. Мөн хүний биед хор нөлөөгүй буюу аюулгүй байдлын үзүүлэлтүүдийг хангаж байна” гэжээ. Шинжээчдийн зөвлөх бүлэг эдгээр вакцинд онцгой байдлын үед ашиглах зөвшөөрлийг энэ сарын сүүлчээр олгох юм байна. ДЭМБ одоогийн байдлаар “Pfizer-BioNTech”, “AstraZeneca-Oxford”, “Johnson & Johnson” компанийн “COVID-19”-ийн вакцинуудад онцгой байдлын үед ашиглах зөвшөөрөл олгоод байгаа юм. БНХАУ “COVID-19”-ийн вакциныг тэгш хуваарилах зорилт бүхий “COVAX” хөтөлбөрт 10 сая тун вакцин нийлүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаагаас гадна НҮБ-ын энхийг сахиулагчдад 300 мянган тун вакцин хандивлах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байгаа билээ. Түүнчлэн 80 улс орон, гурван олон улсын байгууллагад вакцины тусламж үзүүлж, 40 гаруй улс руу вакцин экспортолж, вакцины судалгаа, үйлдвэрлэлийн талаар 10 гаруй оронтой хамтран ажиллаж байна. Мөн цаашид Олон улсын олимпын хороотой хамтран ажиллаж, Олимпын наадамд оролцохоор бэлтгэж буй тамирчдыг вакцинаар хангах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Хэдийгээр “Sinopharm”, “Sinovac” компанийн аль аль нь бүтээгдэхүүнүүдийнхээ үр дүнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд танилцуулаагүй байгаа боловч ирэх зургадугаар сар гэхэд хүн амынхаа 40 хувийг дархлаажуулах зорилт тавиад буй.
“Sinopharm”-ын мэдээлснээр, урьдчилсан дүнгээр вакцин 79 хувийн үр дүн үзүүлжээ. Энэхүү вакциныг Аргентин, Бахрейн болон эмнэлзүйн туршилтын сүүлийн үе шатыг нь явуулсан Арабын Нэгдсэн Эмират улс зэрэг 30 орчим оронд бүртгээд байна. “Sinovac” компанийн вакцины хувьд Бразил, Турк, Индонезид туршилт явуулахад 50-83.5 хувийн үр дүн үзүүлсэн бөгөөд 20 орчим оронд хэрэглэхийг зөвшөөрөөд байгаа ажээ. Эдгээр вакцины аль аль нь хоёр тунтай бөгөөд хөргөгчийн температурт хадгалах боломжтой тул тээвэрлэх нөхцөлийг хялбаршуулж байгаа юм.
Рио Тинто БНХАУ-аас санхүүгийн дэмжлэг авна
Англи-Австралийн уул уурхайн компани Рио Тинто Гвинейн Симандоу уурхай дахь төслийн хүрээнд Хятадтай хамтран ажиллахаар төлөвлөж буй талаараа мэдээлжээ. Рио Тинто Хятадын талаас санхүүгийн болон технологийн дэмжлэг авах юм байна. Рио Тинто группын гүйцэтгэх захирал Якоб Стаушолм саяхан “Caixin Media”-д өгсөн ярилцлагадаа “Хятад түншүүдтэйгээ хамт төмрийн хүдрийн гайхалтай уурхайн түгжээг тайлж чадна гэж найдаж байна” хэмээжээ. Гвинейн зүүн өмнөд буланд орших Симандоу нь 10 тэрбум орчим тонн төмрийн хүдрийн нөөцтэй дэлхийд тэргүүлэх ордуудын нэг юм. Гэсэн хэдий ч төслийн нэг том бэрхшээл нь төмрийн хүдрийг далайн боомт хүртэл зөөх төмөр зам барих явдал болоод байгаа аж. Уг дэд бүтэц нь маш өндөр өртөгтэйгөөс гадна төмрийн хүдэр тээвэрлэхэд хүнд даацын төмөр зам шаардагддаг боловч тус бүс нутгийн хөрс зөөлөн тул төмөр зам барихад шаардагдах техникийн хүчин чадал өндөр байхаас гадна санхүүгийн хувьд өндөр тусахаар байгаа аж. Рио Тинтогийн холбогдох мэргэжилтнүүд энэ талаар олон жилийн турш судалгаа хийсний эцэст Хятад улсыг төслийг дуусгах санхүүгийн болон техникийн чадвартай гэж үзжээ.
Өмнөд Хятадын тэнгисийн арлууд дээр БНХАУ-ын нууц байгууламжууд байгааг илрүүлжээ
Филиппиний Далайн эргүүлийнхэн Өмнөд Хятадын тэнгис дэх “Union Banks” арлууд дээр БНХАУ-ын хууль бус, нууц байгууламжууд байгааг илрүүлсэн талаараа мэдээлжээ. Тус улсын далайн цэргийнхэн өнгөрсөн долоо хоногт далайн эргүүл хийх үеэрээ эдгээр байгууламжуудыг анх олж мэдсэн боловч барилга байгууламжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл олж чадаагүй байна. Филиппин улсын дэслэгч генерал Цирилито Собежана “Далайн тухай хуульд зааснаар эдгээр барилга байгууламж манай нутаг дэвсгэрийн аюулгүй байдалд хор хохирол учруулж байна" хэмээжээ. Тэрбээр мөн эдгээр байгууламжуудыг хууль бус гэв. Бээжин Өмнөд Хятадын тэнгист хэд хэдэн оронтой хилийн маргаантай бөгөөд тэдэнтэй мөргөлдөж болзошгүй нөхцөлд байгаа юм. Ялангуяа Филлипийний хувьд өмнөд Хятадын тэнгисийн зарим хэсгийг Бээжинтэй булаалдсаар ирсэн юм.
Хөдөө орон нутгийн иргэд хотынхноос илүү ухаалаг утсанд донтсон
XXI зуунд ухаалаг утсанд донтох гэсэн нэгэн шинэ өвчин бий болоод байгаа билээ. Бээжингийн эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол илүү их гар утсанд донтсон талаар БНХАУ-ын Нийгмийн сэтгэцийн хөх номын жил тутмын судалгаанд онцолжээ. Судлаачид утасны хэт их хэрэглээ нь эхэндээ стресс байдлаар илрээд удалгүй донтолт болдог гэж үздэг байна. Дэлхийн хэмжээнд 21-30 насныхан ухаалаг утсанд хамгийн их донтсон байдаг аж. Мөн ажилгүй эсвэл сарын 1500-20 мянган юанийн цалинтай хүмүүс ухаалаг утсанд илүү их цаг зарцуулдаг нь судлаагаар батлагдсан байна. Нөгөөтэйгүүр дээд боловсролтой, өндөр орлоготой хүмүүс ухаалаг утсаар дамжуулан цахим орчин болон видео тоглоом зэрэгт төдийлөн цаг зарцуулдаггүй байна. Ухаалаг утас ашиглах нь өнөө үед амьдралын зайлшгүй шаардлага болж хувираад буй. Гэхдээ энэ нь дижитал ертөнцөд дасан зохицож чадахгүй байгаа ахмад настнуудад бэрхшээлтэй асуудал хэвээр байна. Түүнчлэн хөдөө орон нутгийн иргэд хотынхноос илүү ухаалаг утсанд донтсон болох нь тогтоогджээ. Гэсэн хэдий ч хүмүүс хаана амьдардагаасаа үл шалтгаалан утаснаасаа салшгүй болж байгаагаа хүлээн зөвшөөрсөөр байгаа юм. Синагийн мэдээллийн платформоос явуулсан албан бус онлайн санал асуулгад 8000 гаруй оролцсоноос талаас илүү хувь “Ухаалаг гар утасгүйгээр байж чадахгүй" гэж хариулжээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Ц.Даваасамбуу
Сэтгэгдэл ( 0 )