Коронавирусний гол ачааг үүрч яваа Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн удирдлагууд он гарснаас хойш хэдэнтээ солигдлоо.
Энэ оны нэгдүгээр сарын 20-д хавьцаа тухайн үеийн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан тушаал гаргаж, тус эмнэлгийн дарга Д.Нямхүүг чөлөөлсөн. Түүний оронд ХӨСҮТ-ийн Дэд захирлаар ажиллаж байсан Д.Наранзулыг томилсон бөгөөд Д.Наранзулын өмнөх албан тушаалд тархвар судлаач Э.Тэмүүлэнг томилсон юм.
Ингээд өнгөрсөн гуравдугаар сард ХӨСҮТ-ийн сувилагч өөрийн хамаарал бүхий иргэнд PCR шинжилгээний хариуг хуурамчаар гаргаж өгсөн асуудлыг Шадар сайд ил болгосноор гуравдугаар сарын 20-нд Д.Наранзулыг ХӨСҮТ-ийн даргаас чөлөөлж, түүний оронд Төрийн тусгай албаны эмнэлгийн захирлаар ажиллаж байсан, анагаах ухааны доктор, дэд профессор Л.Баттөрийг томилсон. Энэ томилгоотой зэрэгцэн ХӨСҮТ-ийн Дэд захирал Э.Тэмүүлэн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргасан бөгөөд өргөдлийг зөвшөөрч, түүний орны хүнийг томилжээ.
ХӨСҮТ-ийн Дэд захирлаар өмнө нь тус эмнэлгийн Тандалт, судалгааны албаны даргаар ажиллаж байсан Ж.Байгалмаа томилогдсон байна.
ХӨСҮТ-ийн Дэд захирлаар ажиллаж байсан Э.Тэмүүлэнгийн хувьд тус албанд хоёр сарын хугацаанд ажилласан. Тэрбээр ХӨСҮТ-ийн Талбарын тархвар судлалын албанд ажиллаж байгаад АНУ-ыг зорьж, долоон жил суралцан, нийгмийн эрүүл мэндийн магистр, анагаах ухааны докторын зэрэг хамгаалаад, өнгөрсөн долдугаар сард Монголд иржээ. Ирсэн даруйдаа ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн Тандалт судалгааны албанд ажиллаж байгаад ХӨСҮТ-ийн Дэд захирлаар томилогдсон юм.
Э.Тэмүүлэн одоо ХӨСҮТ-д тархвар судлаачаар ажиллах болжээ.
Сэтгэгдэл ( 6 )
тэмүүлэн боловсролтой сайн залуу , наранзул гэдэг гай хүүхдийг чирсэн өөрөө өргөдлөө өгч болчихоод шударга царайлан дэмий зүйл хийсэн
ШУДРАГА ХҮНИЙГ АЛБААР ЗАЙЛУУЛЖ БАЙНА. ГАДААД ТӨГССӨН ХҮН ЭЛДЭВ ЗАН АРАНШИНГҮЙ ШУДРАГАА Л ХЭЛНЭ.
Тэүүлэн эмч дээ ажлын амжилт хүсье. Улам сайн турршлагатай эмч болоорой. ХӨСҮТээ дэлхийн жишигт хүрсэн эмнэлэг болгоорой.
Юмыг байгаагаар нь үнэн зөв мэдээлэл өгдөг боловсролтой хүн шиг байдаг сайн ажиллаж байгаа шүү
Байгалмаа мэдээг дуржигнатал уншихаа боль. Аажуухан ойлгомжтой унш
Сайн мэрэгжилтэн бол удахгүй гараад л ирнэ.