“AstraZeneca”-гийн “COVID-19”-ийн вакцин тархины судаснуудад цусны бүлэгнэл үүсгэдэг эсэх нь одоог хүртэл албан ёсоор тодорхой болоогүй байна. Гэсэн хэдий ч Европын эмийн агентлагийн вакцинжуулалтын асуудал хариуцсан албаны дарга Марко Кавалери “Миний бодлоор, вакцинтай холбоотойгоор тархины судаснуудад цусны бүлэглэл үүссэн байх өндөр магадлалтай. Гэхдээ ийм хариу үйлдэл яг юунаас болж үүссэн гэдгийг мэдэхгүй байна” хэмээн Италийн өдөр тутмын “Messagero” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ. Түүний энэ мэдэгдлийн дараа Европын эмийн агентлаг (EMA) вакцины талаархи хяналт шалгалт үргэлжилж байгаа талаар албан ёсоор мэдэгдсэн бол “AstraZeneca”-гийн зүгээс бүтээсэн вакцин нь цусны бүлэгнэл үүсгэсэн байх ямар ч боломжгүй гэж мэдэгдээд буй. Зарим судлаач вакцин нь ховор тохиолдолд ер бусын эсрэг бие үүсгэдэг байж болзошгүй гэх таамаг дэвшүүлээд буй. Гэхдээ үүнийг батлах баттай нотолгоо мөн л алга байгаа аж. Их Британийн Засгийн газрын дэргэдэх шинжээчийн зөвлөлийн гишүүн асан, нэрт тархвар судлаач Нейл Фергюсон тэргүүтэй хэд хэдэн шинжээч вакцин тариулсан хүмүүсийн дунд цус өтгөрөх тохиолдол ховор бүртгэгдсэн нь тэдний наснаас хамааралтай байж магадгүй гэж үзэж байгаагаа өмнө нь мэдэгдэж байсан юм. Цусны бүлэгнэл залуу хүмүүст голчлон тохиолджээ. Өнгөрсөн сард “AstraZeneca”-гийн вакцин хийлгэсэн хэд хэдэн хүний тархины судаснуудад цусны бүлэгнэл үүссэний улмаас нас барсантай холбоотойгоор Европын зарим орон уг вакциныг хэрэглэхээ түр зогсоосон билээ. Харин Европын эмийн агентлаг “AstraZeneca”-гийн вакциныг аюулгүй, үр дүнтэй гэж үнэлсний дараа эдгээр орны олонх нь уг вакциныг дархлаажуулалтдаа дахин хэрэглэж эхэлсэн юм. Одоогоор Франц, Герман, Нидерланд зэрэг улс “AstraZeneca”-гийн вакциныг залуу хүмүүст хийхээ зогсоогоод байгаа билээ.
Түүнчлэн Оксфордын их сургууль “AstraZeneca” компани хамтран хүүхэд, өсвөр насныхны дунд явуулж байсан туршилтын эхний үе шатаа зогсоожээ. Энэ тухай вакцины туршилтын хөтөлбөрийг хариуцсан Оксфордын их сургуулийн профессор Эндрю Поллард “Бид хүүхдүүдийн дунд явуулах эмнэлзүйн туршилт аюулгүй гэдэгт санаа зовохгүй байгаа боловч насанд хүрэгчдийн дунд бүртгэгдсэн цус бүлэгнэлийн ховор тохиолдлууд вакцинаас шалтгаалсан эсэх талаар Их Британийн эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний хяналтын агентлагаас нэмэлт мэдээлэл хүлээж байна. Одоогоор бид судалгааны хүрээнд хүүхдүүдэд вакцин хийхгүй байгаа” гэжээ. 6-17 болон өсвөр насныхны дунд явуулсан вакцины I, II шатны туршилт Их Британид хоёрдугаар сарын 13-нд эхэлсэн. Туршилтад Бристол, Оксфорд, Лондон, Саутгемптон хотын 300 хүүхэд сайн дураар оролцсон байна. Туршилтын үр дүнгийн талаар Оксфордын их сургуулиас албан ёсоор мэдээлээгүй аж. Гуравдугаар сарын 22-ны байдлаар Европын холбооны гишүүн орнуудад “AstraZeneca” вакцин тариулсны дараа 14 хүн цусны бүлэгнэлийн улмаас нас барсан юм. Тэдгээрт CVST (Cerebral Venous Sinus Thrombosis) хэмээх ховорт тооцогддог тархины цусны бүлэгнэл үүссэн байжээ. Амиа алдсан хүний олонх нь залуу болон дунд насны эмэгтэйчүүд байсан юм. Европын холбооноос гадна Их Британид гуравдугаар сарын 24-нийг хүртэлх хугацаанд CVST төрлийн цусны бүлэгнэлийн 22 тохиолдол, бусад төрлийн цусны бүлэгнэлийн найман тохиолдол бүртгэгдсэнийг тус улсын Эрүүлийг хамгаалах байгууллага мэдээлжээ. Эдгээр 30 тохиолдлоос долоо нь үхэлд хүргэсэн байна. Тиймээс Британийн Засгийн газар ойрын үед 30 хүртэлх насныханд “AstraZeneca” вакцин тарихыг хориглох шийдвэр гаргаж магадгүй байгааг эх сурвалжууд мэдээлжээ. “AstraZeneca” вакцин нь шимпанзе аденовирусийн вектор ChAdOx1 дээр суурилсан бөгөөд дэлхийн хэмжээнд ийм вирусийн векторыг вакцинд анх удаа нэвтрүүлж байгаа юм.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )