Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр (2021.04.12) боллоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын хүрээнд үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн болон бусад албан хаагчид иргэдтэй харилцахдаа ёс зүйтэй байж, зөвлөн туслах үйлчилгээг сайтар үзүүлж ажиллах ёстой гэлээ. Мөн сургууль цэцэрлэгийн гадна талбай, ногоон байгууламжид бага насны хүүхдүүдийг агаар салхинд гаргаж, дархлааг дэмжих, идэвхтэй хөдөлгөөнтэй байх бололцоог бүрдүүлж, хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг өгсөн юм. Түүнчлэн гудамж, талбайн ариутгал, халдваргүйтгэл, нийтийн тээврийн цэвэрлэгээ, ариутгалыг цаг тухай бүрд нь хийж, ачаалалтай байршлуудад автобусны тоог нэмэгдүүлэх, автобус хоорондын зайг 5-7 минутад зохион байгуулах, хөл хорионы өдрүүдэд дүүргийн удирдлагууд болон Захирагчийн ажлын алба хог тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулах ёстойг анхаарууллаа.
Хотын дарга “Ривер гарден”, “Хан хилсс” хотхоныг хоёр талдаа гарцтай болгох, “Хан хиллс” хотхоноос баруун тийш нэг км авто зам тавих, Туул голын эргийн дагуух болон Богд уулын тохижилтын ажлыг эрчимжүүлэх чиглэлийг өнгөрсөн долоо хоногт өгсөн.
Энэ талаар Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга “Богд уул, Дугуй цагаан, Зүүн ширээт орчимд найман байршилд судалгаа хийсэн. Мөн “Хандлагаа өөрчилье” клубийн залуустай уулзаж, санал солилцсон. Энэ сарын 25 гэхэд зураг төслийг бэлэн болгоно. Туул голын эргийн дагуу дөрвөн байршил 30 га газарт тохижилт хийхээр зургийн даалгавар бэлэн болсон. Мөн Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас Баянзүрхийн гүүрний баруун хойд талд нийтдээ 9.6 га газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулах санал ирүүлсэн. Зөвлөлийн хурлаар дэмжиж, ажлын даалгавар хийж байна” гэлээ.
Мөн Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны “Нутгийн буян”, Нэхмэлийн шар байрны дунд барилга бариулахгүй гэж Хотын дарга хэлсэн. Тус газарт иргэдийн саналыг үндэслэн ногоон байгууламж бүхий тоглоомын талбайг доороо автомашины зогсоолтой барих эсэхийг шийднэ гэсэн билээ. Уг ажлын хүрээнд Хот байгуулалт, хөгжлийн газар болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас тухайн барилгын компаниудын удирдлагуудтай уулзалт зохион байгуулсан. Ингэхдээ “Нутгийн буян” компанийн СӨХ-ноос ногоон байгууламж бүхий хүүхдийн тоглоомын талбай байгуулах санал ирүүлсэн байна. Харин бусад оршин суугчид нь саналаа нэгтгэж байгаа гэлээ. Мөн тус газрын эзэмших эрх нь цуцлагдсаны дараа тохижилтын ажлыг тухайн барилгын компаниуд хариуцаж хийхээр болжээ.
Харин “Маршал таун”, “Ривер гарден”, “Хан хиллс” хотхон орчимд найман байршилд орц, гарц нэмэгдүүлэх боломжтой аж. Мөн “Хан хиллс” хотхоноос баруун тийш 930 метр урт авто замын зураг төслийн өөрчлөлтийг хэлэлцэн баталсан байна. Хотын дарга “Нэг хүний эрх ашиг биш нийтийн эрх ашиг учраас энэ ажлыг сарын хугацаанд хийж хэрэгжүүлэх хэрэгтэй. Бид амласан, ярьсан, үүрэг чиглэл болгосон ажлуудаа богино хугацаанд хийж хэрэгжүүлэх ёстой” гэлээ.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл ( 0 )