Халдвар авсан хоёр иргэн нас барж, нас баралт 29 боллоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 04 сарын 14

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.04.14/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. 

Өнгөрсөн хоногт шинээр халдварын 1220 тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд халдвар авсан иргэдийн тоо 17820 боллоо. Харин халдвар авсан хоёр хүн нас барж, нас баралт 29 боллоо. Тодруулбал, 49 настай болон 44 настай хоёр эрэгтэй коронавирусний халдварын улмаас нас барсан байна. 

Шинээр батлагдсан 1220 халдварын тохиолдлын 1208 нь Улаанбаатар хотод, орон нутагт 114 тохиолдол бүртгэгджээ. Харин тусгай үүргийн онгоцоор ирсэн 10 иргэнээс халдвар илэрч, тусгаарласан талаар мэдээллээ. 

Тэгвэл өнгөрсөн 24 цагийн хугацаанд 366 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Улмаар халдвар авч, эдгэрсэн хүний тоо 10253 болж байна. 

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт халдвар авсан нь тогтоогдсон 2804 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 1974 нь хөнгөн, 652 нь хүндэвтэр, 138 нь хүнд, 40 нь маш хүнд гэсэн оноштой эмчлүүлж байгаа аж.   

Top