Л.Баттөр: Халдвараар нас барсан 20 настай залуу суурь өвчтэй байсан

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 04 сарын 14

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд халдвар авч, эмчлүүлж байсан 29 хүн нас бараад байна. Өнөөдөр гэхэд, халдвар авч, эмчлүүлж байсан хоёр эрэгтэй нас барсан гэх мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өглөө.

Тэгвэл өчигдөр /2021.04.13/ Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллээр халдвар авсан 20 настай, эрэгтэй нас барсан талаар мэдээлсэн билээ. Зарим хэвлэлээр талийгаачийг эмнэлгийн тусламж авч чадахгүй байсаар гэртээ нас барсан гэж мэдээлсэн. 

Дээрх асуудалд ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр өнөөдөр "Өвчтөний дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд өгөх нь зохимжгүй байдаг. Тухайн 20 настай залуугийн нас барсан шалтгааныг нь тодруулж байна. Шинжилгээгээр эерэг гарсан. Гэхдээ эерэг гарсан болгон халдварын хүндрэлээр нас барсан уу, эсвэл бусад өвчнөөр нас барсан уу гэдгийг тодруулах шаардлагатай. Энэ залуугийн хувьд суурь өвчтэй байсан уу гэвэл байсан. Тэрний нөлөө байсан эсэх нь тодорхой хугацааны дараа тодорхой болно. Энэ залуу нийтийн асрамжийн газарт байрлаж байсан юм билээ. Халдварт өртөх өндөр эрсдэлтэй газар гэсэн үг" гэлээ.   

Top