ЭМЯ: Нас баралт нэмэгдэж буй нь ECMO аппаратын хүрэлцээтэй холбоогүй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 04 сарын 21

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг өгч байна. /2021.04.21/

Монгол Улсад сүүлийн 24 цагт коронавирусний халдварт өвчний хүндрэлийн улмаас 5 иргэн нас барснаар нийт нас баралт 56 боллоо. Нас баралт нэмэгдэж буй энэ үед Монгол Улс ECMO аппаратын дутагдалтай учраас нас баралт нэмэгдэж байна гэх мэдээлэл гарч буй. Тэгвэл Эрүүл мэндийн яамны зүгээс үүнийг үгүйсгэлээ. ECMO аппаратыг уушги нь ажиллахгүй байгаа хүмүүст хэрэглэдэг. Монгол Улсад нас барж буй иргэдийн хувьд уушги нь ажиллаж байсан  гэх мэдээллийг өглөө.

Дашрамд, ECMO аппаратын талаар мэдээллийг хүргэе.

Зүрх судасны эмч Ц.Сумъяа тус аппаратын талаар “Хүнд хэлбэрийн амьсгалын дутагдлын үед уушги орлох, зүрхны дутагдлын үед зүрх орлох төхөөрөмж бол ECMO аппарат билээ. COVID19 вирус агаар дуслаар халдварлаж, улмаар уушгины эд эсийг гэмтээж хатгалгаа үүсгэдэг болохыг сайн мэднэ. Уушгины хатгалгаа даамжирч хүндрэхэд амьсгалах чадвартай эрүүл уушгины эд эсийн тоо цөөрсөнөөр амьсгалын дутагдалд ордог. Амьсгалын дутагдал гэдэг бол уушгиар орж ирсэн цусыг хүний биед хүрэлцэхэд хэмжээний хүчилтөрөгчөөр баяжуулж чадахгүй байгаа гэж ойлгож болно. Тиймд бага ч болов агаараар орох хүчилтөрөгчийн концентрацийг нэмэгдүүлэхийн тулд хамрын гуурс, амны маскаар хүчилтөрөгч эмчилгээ хийдэг. Хэрвээ энэ эмчилгээ хийсэн ч амьсгалын дутагдал үүсвэл амьсгалын аппарат холбоно. Дээрх аргууд үр дүнгүй бол бид нарын мэдэх ECMO аппаратаар уушги орлуулдаг.

Өөрөөр хэлбэл, венийн цусыг уушги хүчилтөрөгчөөр баяжуулах бус ECMO аппарат баяжуулж орлодог гэсэн үг. Иймд COVID19 вирусийн халдварын үед тодорхой хувьд нь хүнд хэлбэрийн уушгины хатгалгаа үүсдэг. Энэ тохиолдолд уушги орлуулах ECMO аппаратыг холбож, хүнд хэлбэрийн амьсгалын дутагдалд орсон өвчтөн амьд гарах боломжтой. Гэхдээ ECMO аппаратыг амьсгалын дутагдлаас гадна зүрхний дутагдлын үед хэрэглэдэг.

Уг аппаратыг 1970 оны үеэс анагаах ухаанд хэрэглэж ирсэн түүхтэй. Энэ үеэс маш олон судалгааны ажил хийгдэхийн зэрэгцээ уг аппарат сайжирч хөгжсөөр ирсэн. Сүүлийн үеийн судалгаагаар хүнд хэлбэрийн амьсгалын дутагдалтай өвчтөний амьдрах чадварыг 55-76% нэмэгдүүлдэг. Гэхдээ хүнд хэлбэрийн амьсгалын дутагдалтай өвчтөнд уг аппаратыг хэрэглэвэл өргөс авсан юм шиг 100% амьд гарна гэж ойлгож болохгүй. Энэ аппаратыг ашиглахад хоёрдогч халдвар авах, гадны гуурстай холбож буй учир тромбоэмболийн хүндрэл гарах, цусыг шингэлснээс улбаалж цус алдах, харвах эрсдэл гарч болно. Мөн гуурсаар ECMO холбох учир хоёрдогч халдвар авах, уушгины хатгалгааг илааршуулахын тулд антибиотик эмчилгээг үр дүнтэй хийх шаардлагатай.

Хэрвээ энэ аппаратыг ашиглаж нутагшуулж чадвал манай орны анагаах ухааны хөгжилд бага ч болов хувь нэмэр оруулах юм” гэсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top