Дан ганц вакцин цар тахлыг зогсоож чадахгүй

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 22

Дэлхий даяар өнгөрсөн долоо хоногт “Ковид-19” халдварын 5.2 сая гаруй тохиолдол илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойш нэг долоо хоногийн хугацаанд бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болсон талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өнгөрсөн даваа гарагт мэдээлжээ. Ингэснээр дэлхийн хэмжээнд халдварын тохиолдлын тоо сүүлийн найман долоо хоног дараалан өссөн үзүүлэлттэй байна. Мөн халдвараар нас барсан тохиолдлын тоо таван долоо хоног дараалан өсөж, гурван саяд хүрчээ.

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус, дэлхий даяар халдварын улмаас нас барсан тохиолдлын тоо есөн сарын хугацаанд нэг саяд,  дөрвөн сарын хугацаанд хоёр саяд, гурван сарын дотор  гурван саяд хүрснийг дурдаад, ийнхүү нэмэгдэж буйд ихээхэн санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Мөн түүний мэдээлснээр, сүүлийн үед 25-59 насныхан халдвар авах, эмнэлэгт хүргэгдэх тохиолдол эрс нэмэгдсэн бөгөөд үүнд коронавирусний илүү хурдан халдварладаг хувилбаруудаас гадна хүмүүс нэг дор олноороо цуглаж буй нь нөлөөлсөн байж магадгүй ажээ. Тиймээс ДЭМБ-ын “Ковид-19”-ийн асуудал хариуцсан дарга Мария Ван Керхове бөөнөөр цугларахаас зайлсхийх, халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлахын ач холбогдлыг онцлон тэмдэглэжээ. Мөн вирусний тархалтыг бууруулахын тулд шаардлагатай тохиолдолд гэрээсээ ажиллахыг зөвшөөрөхийг Засгийн газруудад уриалсан байна.

Цар тахлын өмнөх давлагаануудын үеэр “Ковид-19” өвчнөөр өвдсөн бага насны хүүхдүүд болон залуучуудад шинж тэмдэг илрэхгүй буюу хөнгөн өвдөж байсан байна. Харин мутацид орсон “коронавирус”-ний халдвар хурдацтай тархаж байгаагаас гадна хүнд хэлбэрийн өвчлөл үүсгэж байгаа аж. Улмаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх залуусын тоо эрс нэмэгджээ. АНУ-ын хэмжээнд цар тахал дэгдсэнээс хойш 5-17 насны 293 хүүхэд нас барсан байна. Энэ нь тус улсын хэмжээнд нийт нас баралтын 0.1 хувийг эзэлж байгааг Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх байгууллагаас мэдээллээ. Шинэ давлагаагаар 20-35 насныхан хүнд хэлбэрээр өвчилж, эмнэлэгт хүргэгдэж байгаа ч нас баралтын түвшин бага байгаа аж. АНУ даяар сургуулийн орчинд халдвар тархах эрсдэл нэмэгдсэн байна. Иллиной мужид цар тахлын сүүлийн давалгаанд залуучууд хамгийн их өртсөн тухай мужийн Эрүүл мэндийн байгууллага онцолжээ. Өнгөрсөн сард тус мужид халдвар авсан 18-24 насны иргэдийн тоо хоёр дахин өсжээ. Цар тахлыг арилгах цорын ганц шийдэл нь вакцин гэдэгт дэлхий нийт санал нэгдэж, “Ковид-19”-ийн эсрэг вакцин боловсруулах улс орнуудын өрсөлдөөн улам бүр эрчимжсээр байгаа билээ. Вакцины хөгжил нь хоёроос 10 жилийн хугацаанд явагддаг. Учир нь гуравдугаар шатны туршилтын аюулгүй байдал, үр ашгийг баталгаажуулахын тулд хэдэн арван мянган судалгаа шаарддаг. Энэ шалтгааны улмаас улс орнууд эмийн үйлдвэрүүдийг дэмжиж, журмыг хөнгөвчлөх замаар вакцин хөгжүүлэх хугацааг багасгах арга хэмжээ авч байгаа билээ.
Вакциныг хурдан гаргахын тулд АНУ-ын Хүнс, эмийн захиргаа буюу FDA  өмнө нь баримталдаг байсан стандартаа бууруулсан. Хэдийгээр дэлхийн улс орнууд ард иргэдээ вакцинжуулаад эхэлсэн хэдий ч вакцин коронавирусээс хамгаалах баталгаа болж чадахгүй гэдгийг мэргэжилтнүүд онцолж байгаа юм. Сөүл дэх Солонгосын их сургуулийн халдварт өвчний профессор Ким Ким Жу "Вакцин коронавирусээс урьдчилан сэргийлэх бодит үр нөлөө нь багатай байж магадгүй бөгөөд энэ нь цар тахлыг зогсоох баталгаа болж чадахгүй. Вирус цаашид бүрэн тархахаас урьдчилан сэргийлэх эсвэл нас баралтыг бууруулахад вакцинд найдна гэдэг хэцүү" гэжээ. Дэлхий дахинд “Ковид-19” халдварын тохиолдлын тоо 142 сая 015 мянга давж, эдгэрсэн хүний тоо 120 сая 554 мянгад хүрээд байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top