Хувийн лабораториуд PCR шинжилгээг төлбөртэй хийж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 22

Коронавирусний илрэх тохиолдол нэмэгдэж буй энэ өдрүүдэд  ПСР шинжилгээ авах  цэгүүд цөөрсөн талаар иргэд бухимдаж байна. Урьд нь байсан байнгын болон  түр цэгүүд татан буугдсаар байгаа юм. Тэгвэл ПСР шинжилгээг яг одоогийн байдлаар хаана, хаана авч байгаа талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын албаны эх сурвалжаас тодрууллаа.


-ПСР шинжилгээг ямар шалтгаантай хүнд хийж байна вэ?

-Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, яаралтай хагалгаанд орох болон орон нутагт хүндэтгэн үзэх шалтгаанаар /эрүүл мэнд, буяны ажил болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, ачаа тээвэр, хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт/ зорчих иргэд дараах цэгүүдэд цаг авалгүй шинжилгээнд хамрагдана. Мөн дээрх шалтгаанаар хөдөө, орон нутагт зорчих иргэд нь иргэний үнэмлэх, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр, нас барсны гэрчилгээ /буяны ажил/ зэрэг баримт бичгийг бүрдүүлнэ.

-Шинжилгээний цэгүүд сүүлийн үед цөөрсөн. Одоогоор нийслэлийн хэмжээнд хаана, хаана цэгүүд байрлаж байна вэ?

-Нийт таван цэг ажиллаж байна. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургууль, Баянгол дүүргийн 13 дугаар сургууль, Хан-Уул дүүрэг Буянт-Ухаа спортын ордон, Сонгинохайрхан дүүрэг Таван шарын Номин агуулахын гадна талбай, Баянзүрх дүүрэг “Тэнгэр” плаза гадна талбайд тус тус авч байна гэсэн юм.

Шинжилгээний цэгүүд цөөрснөөс үүдэж иргэд хувийн эмнэлгүүдэд ПСР өгөх болсон байна. Тэгвэл ямар, ямар хувийн эмнэлгүүд коронавирусний шинжилгээ авч байгаа тодруулахад, ихэнх эмнэлэг өөрийн эмнэлгээр хэвтэн эмчлүүлж, үзлэг оношилгоо хийлгүүлэх гэж байгаа үйлчлүүлэгчдээсээ түргэвчилсэн шинжилгээ авч байгаад дотогш нэвтрүүлж байгаа гэнэ. Харин түргэвчилсэн болон ПСР шинжилгээг Интермэд эмнэлэг, Гялс төв дээр хоёуланг нь хийж байгаа гэнэ. Гэхдээ урьдчилж заавал цаг авах хэрэгтэйг сануулж байлаа. Интермэд эмнэлгийн хувьд түргэвчилсэн шинжилгээний цаг нь энэ долоо хоногт дууссан гэнэ. Мөн тус эмнэлэг дээр дархлаа тогтсоныг шинжлэх шинжилгээг 40 мянгаар авч байгаа аж. Харин ПСР оношлох шинжилгээг 98 мянган төгрөгөөр авч байна. “Хаппи веритас” лаборатори дээр  түргэвчилсэн шинжилгээг 35 мянган төгрөгөөр авч байгаа гэнэ. Хариугаа Eruulgerege.mn сайтаас регистрийн дугаараа хийгээд авч болох аж.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top