Хөл хориог сунгах эсэхийг МАРГААШ хэлэлцэнэ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 04 сарын 22

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. 

Улаанбаатар хотод маргаашнаас эхлэн өдөрт 60 мянга орчим хүнийг вакцинжуулах нөхцөл бололцоо бүрджээ. Тодруулбал, дархлаажуулалтын 120 цэг ажиллуулж, 281 баг гарган, вакцинжуулалтын ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангажээ. 

Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг "Өнөөдөр 300,000 тун "Вероселл" вакцин буулаа. Шөнө болон маргааш дахин тус бүр 300,000 тун вакциныг татан авна. Монгол Улс өнөөдрийн байдлаар зорилтот бүлгийнхээ 31 хувийг вакцины эхний тунд хамруулаад байна. Маргаашнаас эхлэн өдөртөө 49,000-аас дээш тооны хүмүүсийг хоёр дахь тунд хамруулахын зэрэгцээ 50-аас дээш насныхан буюу эрсдэлт бүлгийн хүмүүсээ вакцинд хамруулна. Өдөртөө 60,000 орчим хүнийг вакцинд хамруулна гэж тооцоолж байна. Гэхдээ хүн бүхэн дур мэдэн 120 цэг дээр очино гэсэн үг биш. Дөрөвдүгээр сарын 9, 10,11-нд давтан тунгаа авах ёстой байсан иргэд маргааш, нөгөөдөр вакцинжуулалтын цэг дээр очоорой. Хороо, хэсгээс та бүхэнд утсаар болон өөр бусад хэлбэрээр мэдээлэл өгч, хаана, хэзээ нэмэлт вакциндаа хамрагдах боломжтойг мэдээлнэ. Хороо, хэсгийн ахлагч нарын гаргасан хуваарийн дагуу хоёр дахь тундаа хамрагдаарай" гэсэн мэдээлэл өглөө.

Тэрбээр мөн "Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаагүй. Маргааш хуралдана. Эрүүл мэндийн яамнаас гаргасан саналыг хэлэлцэж, тодорхой журам, саналуудыг Засгийн газрын хуралдаанд танилцуулна" гэв. 

ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top