Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ, үйл ажиллагааны талаар болон “Ковид-19” халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг иргэдэд 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Иргэдээс дөрөвдүгээр сарын 15-22-ны хооронд нийт 1309 дуудлага иржээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 19 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 2.05 минут байна. “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 165 иргэн хандсанаас 70 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 95 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа.
Мөн улсын хэмжээнд Ковидын нэгдсэн лавлах 119 колл центер ажиллаж байгаа бөгөөд тус дугаараар дамжуулж НОК-ын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллийг иргэдэд өгч ажиллаж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт 2225 иргэнд тус колл центерээр дамжуулан, мэдээ мэдээлэл өгч ажилласан байна.
Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат 1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа зарим асуултад хариулт өглөө.
-ПСР шинжилгээг хэрхэн өгөх вэ?
-Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, яаралтай хагалгаанд орох болон орон нутагт хүндэтгэн үзэх /эрүүл мэнд, буяны ажил болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, ачаа тээвэр, хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт/ шалтгаанаар зорчих иргэд ПСР шинжилгээний цэгүүдэд цаг авалгүй шинжилгээнд хамрагдана. Дээрх шалтгаанаар хөдөө, орон нутагт зорчих иргэд нь иргэний үнэмлэх, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр, нас барсны гэрчилгээ /буяны ажил/ зэрэг баримт бичгийг бүрдүүлнэ. Шинжилгээний цэгүүд доорх газруудад байрлаж байна.
Шинжилгээнд дээр дурдсан хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд хамрагдах бөгөөд бусад тохиолдолд шинжилгээ өгөх шаардлагагүй.
Иргэд хотын төв хэсэгт байрлах шинжилгээний гурван цэг дээр ихэвчлэн очиж, дараалал үүсгэж байгаа тул үүнтэй холбогдуулаад тухайн цэг дээрх сорьц дуусах, тухайн өдөр ирсэн иргэдийг шинжилгээнд хамруулж чадахгүй байх асуудлууд гарч байна. Тиймээс эрүүл мэндийн үйлчилгээ авах гэж буй иргэд хотын төвийн гурван цэгт, харин хөдөө, орон нутагт зорчих гэж буй иргэд хотын зах хэсэгт байршилтай явуулын цэгт шинжилгээгээ өгөх нь илүү тохиромжтой.
-Шинжилгээний цэгүүд цагийн хуваарийн дагуу ажиллахгүй, сорьц дууссан гэх шалтгаанаар шинжилгээ авахгүй, өгсөн шинжилгээний хариу удаж гарч байна гэх гомдол иргэдээс ирдэг. Үүнд хариулт өгөхгүй юү?
-Иргэд зарим тохиолдолд зохиомлоор шинжилгээний цэгийн ачааллыг үүсгэж байна. Зарим байгууллага албан хаагчдаасаа ПСР шинжилгээний хариу шаарддаг, иргэд сайн дураараа шинжилгээ өгөх гэх мэтээр дараалал үүсгэдэг. Үүнээс шалтгаалж эрүүл мэндийн үйлчилгээ авах, хөдөө, орон нутаг руу хүндэтгэн үзэх шалтгаанаар зорчих гэж байгаа иргэд маань шинжилгээндээ хамрагдаж чадахгүй байх асуудлууд гарч байна. Мөн сүүлийн өдрүүдэд ковидоор өвдсөн хүмүүс нэмэгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор батлагдсан тохиолдол болгоны хавьтлуудаас тандалт, шинжилгээ хийх шаардлагатай болж, шинжилгээний ачаалал нэмэгдэж байна. Шинжилгээний лабораторийн хүчин чадал хязгаарлагдмал тул ачаалал ихэссэнээс болж иргэдийн шинжилгээний хариу гарахгүй удаж байгаа. Тиймээс шинжилгээний үйл ажиллагаанд иргэд зохиомол ачаалал үүсгэхгүй байх талаас анхаарах шаардлагатай.
-Дархлаажуулалтын талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Дархлаажуулалтын ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Дөрөвдүгээр сарын 22-нд гэхэд л хариу арга хэмжээнд оролцож байгаа эрүүл мэнд, цагдаа, онцгой байдлын нийт 14270 албан хаагчийг дархлаажуулалтын хоёрдугаар тунд хамруулсан. Дөрөвдүгээр сард багтааж нийт иргэдээ маш богино хугацаанд, эрчимтэйгээр дархлаажуулалтын үйл ажиллагаанд өндөр зохион байгуулалттайгаар хамруулахаар шат шатны онцгой комисс бэлтгэлээ бүрэн хангаж, ажил эхлэхэд бэлэн болоод байна. Иргэдийг дархлаажуулах үйл ажиллагаа эхлэхтэй зэрэгцээд холбогдох төрийн байгууллагуудаас иргэдийг хэрхэн, ямар зохион байгуулалтаар дархлаажуулалтад хамруулах талаар нарийн мэдээллийг тухай бүр өгч ажиллана.
Цаг үеийн нөхцөл байдал амаргүй байна. Тиймээс шат шатны төрийн байгууллагын олон мянган албан хаагчид өндөр ачаалалтай ажиллаж байгаа. Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь ажлын өдрүүдэд энгийн цагийн хуваарийн дагуу ажилладаг байсан бол иргэдэд ковидтой холбоотой мэдээ, мэдээллийг өгөх хэрэгцээ шаардлага өндөр байгаа учраас албан хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна. Албан хаагчид маань өндөр ачаалалтай ажиллаж байгаа ч иргэдэд өгсөн мэдээ, мэдээллийн хариуд бидний үйл ажиллагааг дэмжиж, чин сэтгэлээсээ баярласан, талархсанаа илэрхийлж байгаа тэрхүү дуу хоолойг сонсох нь бид бүхэн эрч хүчтэйгээр ажлаа хийх хамгийн том урам зориг болдог. Энэ цаг үед ажиллаж байгаа олон мянган төрийн албан хаагчдын үйл ажиллагааг дэмжиж, чин сэтгэлээсээ талархал дэвшүүлж, хамтран ажиллаж байгаа иргэд та бүхэндээ баярлалаа. Та бүхэндээ халдвар, хамгааллын дэглэмээ баримталж, хайртай бүхнээ халдварт цар тахлаас хамгаалахыг уриалж байна.
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ
Сэтгэгдэл ( 0 )