Коронавируст халдварын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.23/ мэдээллийн үеэр ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн зохицуулах газрын дарга Б.Буянтогтох дараах асуултад хариуллаа.
-Эмнэлгийн ачаалал тусламж үйлчилгээ ямар байгаа вэ?
-Эмнэлгийн тусламж, үйлчилгээ ачаалал ихтэй ажиллаж байна.
-Хөл хорионы үр дүн эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэр нөлөөлөв?
-Хөл хорио тогтоогоогүй байсан бол өдөрт 31 мянган тохиолдол гарах байсан гэсэн тооцоо бий. Хэрвээ тохиолдол ийм хэмжээнд хүрсэн бол эрүүл мэндийн систем уналтад орох байсан.
-Цаашдаа хөл хориог сунгах хэрэгтэй юу?
-Хөл хорионы төгсгөлд эмнэлэгт хэвтэж байгаа, эрчимт эмчилгээнд байгаа хүмүүсийн тоо, нас баралт зэрэг буурсан байх ёстой. Гэтэл энэ удаагийн хөл хорионы үед бүх тоон үзүүлэлт буурсангүй. Тиймээс хөл хориог сулруулах шаардлагыг хангаагүй гэсэн үг. Хөл хорионы үр дүнд тархалтын тоо буурч, энэ хугацаанд Эрүүл мэндийн салбар нөөцөө бэлддэг ач холбогдолтой.
-Нас баралт хэрхэн бүртгэгдэж байна вэ?
-Нас баралт 2-4 долоо хоногийн дараа гарч ирдэг. Ихэнх хувь нь эмнэлэгт, 20 орчим хувь нь гэртээ байхдаа нас барж байна. Амьсгалын замын хүндрэл гарвал ковидын шинж тэмдэг мөнбайх магадлалтай гэж үзэн, эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй.
-Нас баралт ямар шалтгаантай байна вэ?
-Архаг хууч өвчин нь сэдрэн, улмаар ковидын хүндрэлийн нөлөөгөөр нас барж байна.
-Гэрийн тусгаарлалтад олон хүн байна. Ямар шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хандах вэ?
-Амт, үнэр мэдрэхгүй алдагдах, ханиалгах, халуурах шинж тэмдэг илэрвэл өрхийн эмнэлэг, дүүргийн эмнэл зүйн багт хандана.
-Цаашдаа ямар зохион байгуулалтыг хийх вэ?
-Токио хот 10 сая гаруй хүнтэй. 3000 гаруй ор бэлдэн, тусламж үйлчилгээ явуулж байна. Манай улсын хувьд 4000 гаруй ор бэлдсэн байгаа.