Л.Баттөр: Таван хүний сорьцоос Их Британийн хувилбар илэрсэн

2021 оны 04 сарын 23

Коронавируст халдварын дэгдэлттэй холбогдлуулан энэ сарын 25-ны өдрийг хүртэл тогтоосон Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 14 хоног үргэлжлүүлэх шийдвэрийг өнөөдөр (2021604.23) Засгийн газар гаргасан.

Цаг үеийн асуудлаар яг одоо Засгийн газрын гишүүд мэдээлэл хийж байна.

Мэдээллийн эхэнд УОК-ын дарга С.Амарсайхан "Манай улсад урьдчилсан байдлаар лаборторийн шинжилгээгээр мутацийн шинэ төрөл бүртгэгдсэн. Турк улсаас зөөвөрлөгдөн ирсэн, Английн мутаци гэж урьдчилан тодорхойлж байгаа. Энэ нь сүүлийн хэдэн 7 хоног үргэлжилж байгаа өвчлөл хурдтай нэмэгдэх, тархах, хүнд өвчний тоо нэмэгдэх, нас баралтын тоо хурдацтай болох гэх мэт шалтгаануудын үндэс болж байгаа гэж үзэж байна" гэх мэдээллийг өглөө.

ХӨСҮТ-ийн Захирал Л.Баттөр "Манай улсын гурван вирусологич эмч Японд 20 орчим сорьц дээр судалгаа хийж байгаа. Тэнд бол одоогийн байдлаар мутацилагдсан хэлбэр илрээгүй. Бид цаг хугацаа хэмнэх үүднээс PCR-д суурилсан мутацилагдсан хэлбэрийг илрүүлэх шинжилгээг хийж үзсэн. Яагаад нас баралт, халдварын тохиолдлын тоо буурахгүй байна вэ гэдэг дээр анализ хийх үүднээс энэ шинжилгээг хийж үзсэн гэсэн үг. Шинжилгээнд 33 сорьц хамруулахад Турк улсаас ирсэн гурван иргэнд Их Британийн хувилбар байна гэдэг судалгааны үр дүн гарсан. Эдгээр иргэд нь Турк улсаас ирээд 10 орчим хонож байгаа. Одоо ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа. Мөн нийтийн дундаас буюу хүн амын дунд хийсэн шинжилгээнээс хоёр хүнд энэ мутацлагдсан хэлбэр илэрсэн. Уг хоёр тохиолдол нь нэг гэр бүлийн хүмүүс байна" гэлээ.

Тэрбээр мөн "Хөл хорио тогтоосноор өдөрт бүртгэгдэх халдварын тоо 700-900 болж буурна гэх таамаглал байсан ч төсөөлөл биелсэнгүй. Хөл хорионы өмнөх үеэс хөл хорионы үеийн хөдөлгөөний эрчим буураагүй гэдэг нь тодорхой харагдаж байсан. Бүх нийтийн бэлэн байдал зарлахаас өмнө тав хоног тутам бүртгэгдэж буй тохиолдол 2 дахин нэмэгдэж байсан. Хөл хорио тогтоогоогүй бол өдөрт 3000, 4000 бүртгэгдэх байсан тул энэ эрсдэлээс сэргийлж чадсан.

Вирус мутацид орсноор халдварын тархалт, нас баралт нэмэгдэнэ. Мутацид орсон хэлбэр дотоодод байсан ч баримтлах эмчилгээ болон халдвар хамгааллын дэглэм яг адилхан. Мутацид орсон хэлбэрт вакцин үр дүнгүй гэсэн дүгнэлт одоогоор гараагүй" гэв. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ
 

 

 

 

Top