Ковидоор хүндэрсэн хүүхдүүдийг Эх нялхаст эмчилж байна

2021 оны 04 сарын 23

Коронавируст халдварын дэгдэлттэй холбогдлуулан Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 14 хоног үргэлжлүүлэх шийдвэрийн мэдээллийн үеэр хүүхдүүдийн ковидын халдварын талаар дараах мэдээллийг ЭМ-ийн сайд С.Энхболд өглөө.
 


Тэрбээр "Монгол Улсын хэмжээнд коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдлын 1/5 буюу 5408 хүүхэд халдвар авсан. Өнөөдрийн байдлаар 1725 хүүхэд эмнэлэгт эмчлэгдэж байна. Хөдөө орон нутагт тусгаарлах байрны хомсдол үүссэнээс нөмрөх хөнжил байхгүй байна гэх зүйл гарсан. Үүн дээр Эрүүл мэндийн яам хөдөө орон нутаг, аймгийн онцгой комисс, эрүүл мэндийн байгууллагын дарга нарт тогтмол зөвлөмж, зааврыг өгч байгаа. Ялангуяа эмчилгээ, оношилгоон дээр зөвлөмж, зааврыг өгч байна.

Нийт халдвар авсан хүүхдүүд маань эмнэл зүйн шинж тэмдэг багатай байна. Мэдээж эмнэл зүйн хүнд, хөнгөнөөс шалтгаалж эмнэл зүйн тактик өөр байдаг. Хүнд, хүндэвтэр хүүхэд байвал вирусын эмчилгээ хийгдэж байгаа. Одоогийн байдлаар Эх нялхаст /ЭХЭМҮТ/ хүндэрсэн хүүхдүүдийг авч, эмчилгээг үргэлжлүүлж байгаа. Мөн Хүүхдийн сэргээн засах төв буюу Сонсголонд байрлалтай Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сувиллын 180 орыг дэлгэж, ялангуяа хүүхдийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд бэлдээд эхнээсээ хүүхдүүдээ аваад эмчилгээ үйлчилгээ үзүүлж байгаа" гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top