АНХААР: Замын хөдөлгөөнд оролцох хүсэлтээ QR@gov.mn хаягаар илгээнэ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 04 сарын 26

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд иргэдээс нийт 1847 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 20 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.45 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 239 иргэн хандсанаас 107 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 132 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа.

Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 1676 буюу 90.7 хувийг НОК-оос гаргасан шийдвэртэй холбоотой  буюу үйл ажиллагааг нь зөвшөөрсөн байгууллагууд, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлтийн машинууд замын хөдөлгөөнд оролцох QR код хэрхэн авах тухай дуудлага эзэлж байна.

Улсын Онцгой комиссоос байгуулсан Ажлын хэсэг замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл олгоно. Зөвшөөрөл нь давтагдашгүй дугаар бүхий QR код. Зөвшөөрөл авах хүсэлтээ QR@gov.mn цахим хаягаар илгээх юм.

Хүсэлтийн хамт зөвшөөрөл авах үндэслэл, шалтгаан, хөдөлгөөнд оролцох хугацаа, тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хуулбар ажилтан албан хаагчдын регистрийн дугаарыг ирүүлнэ.  

Иргэн, байгууллага системд бүртгэгдэж, олгосон зөвшөөрлийг www.smartcar.mn цахим хуудаснаас хэвлэн авч, тээврийн хэрэгслийн урд салхины шилний баруун доор жолоочийн харагдах байдалд нөлөөлөхгүйгээр байрлуулан, ажлын үнэмлэхээ үзүүлэн хөдөлгөөнд оролцоно.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top