Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий түр хороо өнөөдөр (2021.04.28) хуралдаж, цаг үеийн мэдээлэл сонссон билээ.
Энэ үеэр гишүүдийн зүгээс коронавирусын халдварын мутацийн олон хэлбэр дэгдэж байгаа энэ үед вирусыг дотооддоо судлах, лаборатори байгуулах, дархлаажуулалтын тандалд судалгаа хийж байгаа эсэх, цаашлаад хүүхдүүдийг вакцинд хамруулахад баримталж байгаа бодлого, арга хэмжээг илүүтэй тодруулж байлаа.
Эрүүл мэндийн сайд С.Энхблдп үүнд "Бид вакцинжуулалт хамрагдсан хүмүүсийн судалгааг түүврийн аргаар хийж байгаа. Судалгааны хэд хэдэн багууд гарсан. 2020 оны дөрөвдүгээр сараас хойш ЭМЯ-ны дэргэдэх Шинжлэх ухааны технологийн зөвлөлөөр эрдэмтэн, судлаачдын 14 судалгааны ажил хэлэлцэгдэж, одоогоор долоон ажил нь амжилттай хэрэгжээд явж байна. Үүнд мутацийн хэлбэрүүдийг судлах, дархлаа тогтоцын талаар судалгаа хийж байна. Үр дүн эхнээсээ гарч байгаа, удахгүй танилцуулна гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хариултдаа онцлоод, "Вакцины I тун хийлгэснээс хойш 6052 хүн, II тун хийлгэсэн хүмүүсээс 80 нь халдвар авсан гэсэн бүртгэл судалгаа байна" гэв.
Харин Шадар сайд С.Амарсайхан "Хэрэв вакциныг хүүхдүүдэд хийх зөвшөөрөл, заавар зөвлөгөө гарвал бид хүүхэд, залуучуудаа вакцинд хамруулах судалгаа, бэлтгэл ажлыг орхигдуулахгүй. АНУ-ын Пфайзер вакциныг 12 наснаас дээш хүүхдэд хийх зөвшөөрлийг авахаар хүсэлтээ тавьсан байгаа юм билээ. Мөн бусад орнуудад вакциныг хүүхдэд хийх судалгаануудаа үргэлжлүүлж байгаа ч хараахан эцэслэгдээгүй байна" гэж байлаа.
Түүнчлэн тэрбээр "Вакцины нийлүүлэлт, хүрэлцээний тухайд төлбөртэй вакцин хийх боломжийг хязгаарлаагүй. Энэ талын шаардлагатай бүх зөвшөөрлийг аж ахуйн нэгжүүдэд өгснийг тодотгохын зэрэгцээ харамсалтай нь аж ахуйн нэгж, Засгийн газраас шалтгаалахгүйгээр дэлхий даяар вакцины олдоц, нийлүүлэлт хүнд байна. Гэсэн хэдий ч манай улс вакцинжуулалтын ажлаар дэлхийн 200 гаруй улсаас долоод явж байгаа"-г хариултдаа онцолсон юм.
“PFIZER / BIONTECH” ВАКЦИН - ҮР ДҮН 95%
Pfizer болон BioNTech компанийн хамтран гаргасан "BNT162b2" вакцинд ДЭМБ хамгийн түрүүнд хэрэглэх зөвшөөрөл олгосон. Энэхүү вакцин нь 16 ба түүнээс дээш насны хүмүүст зориулагдсан.
Вакцинжуулалтад хамрагдсан хүмүүсийг хамрагдаагүй хүмүүстэй харьцуулахад маш бага тоогоор коронавирусний халдвараар өвчилж байгааг баталжээ. "BNT162b2" вакцин нь ковидын халдвараас урьдчилан сэргийлэх 95 хувийн үр дүнтэй байгаа аж. Мөн 16-аас доош насныханд үзүүлэх сөрөг нөлөөгүй нь судалгаагаар батлагджээ.
Pfizer/BioNTech вакцины хүүхдүүдэд зориулсан хувилбар нь 100 хувийн үр дүн үзүүлснийг 12-15 насны 2260 хүүхдэд тарьсан туршилтаар баталсан байна. АНУ-д одоогоор 16-аас дээш насныханд хийж байгаа тус вакцинд зургаан сартайгаас 11 настай хүүхдүүдийг хамруулсан эмнэлзүйн туршилтыг эхлүүлжээ.
Вакцины эхний тунг тарьснаас хойш гурван долоо хоногийн дараа хоёр дахь тунг тарих ёстой. Pfizer/BioNTech вакцины хоёр дахь тунг хийснээс хойш ойролцоогоор долоо хоногийн дараа хангалттай дархлаа тогтож байгаа аж.
Pfizer болон BioNTech компанийн удирдлагын баталж байгаагаар энэ вакцин нь коронавирус болон түүний мутацид орсон бүх хувилбарын эсрэг өндөр үр дүнтэй байгаа гэнэ.
АстраЗенека вакцинаас 5-6 дахин үнэтэй байгаа тус вакцин нь уламжлалт бус аргаар, хамгийн сүүлийн үеийн технологиор гаргаж авсан вакцин юм. Дархлааны тогтолцоог коронавирусний эсрэг идэвхжүүлж, дархлааны систем ямар биетүүдийг бий болгох талаар тодорхой мэдээллийг хүлээж авснаар хариу урвал идэвхжих аж. Мөн вакцин хийлгэсний дараа дахин халдвар авах эрсдэл байхгүй, аюулгүй гэж мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрчээ.
Pfizer/BioNTech вакцин хадгалах нөхцөлийн хувьд бусад вакцинаас илүү өндөр стандарт шаардана. Цельсийн -70 хэмд хадгалах ёстой.
Сэтгэгдэл ( 0 )