БШУЯ есдүгээр сард ХҮҮХДҮҮДИЙГ ВАКЦИНЖУУЛАХ санал гаргалаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 04 сарын 29

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас "Хүүхдүүдээ вакцинжуулалтад хамруулах төлөвлөлтийг өнөөдрөөс эхлүүлье" санаачилга гаргаж, дараах саналыг холбогдох газруудад хүргүүлж эхэлжээ.

Ингэхдээ "Насанд хүрэгчдийн вакцинжуулалтын үед бид хэд хэдэн алдаа гаргасан ч энэ алдааг хүүхдүүдийн вакцинжуулалтын үед давтахгүй байх нь чухал. Вакцин худалдаж авах эх үүсвэрийг эртнээс бэлдэх, вакцин үйлдвэрлэгчдэд захиалгаа эрт өгөх, тээвэрлэлт, ложистикийн төлөвлөлтийг нарийвчлах, түгээлт, вакцинжуулалтыг хурдтай, оновчтой зохион байгуулах шаардлагатай" байна гэдгийг онцолжээ. 

ХҮҮХДИЙН ХАЛДВАРЛАЛТ БА ЭРСДЭЛИЙН ТАЛААР

Манай Улс 0-18 насны 1.250.000 иргэнтэй. Энэ нь нийт хүн амын 35 хувь юм.

Улсын Онцгой комиссын төлөвлөснөөр
 

  • Тавдугаар сарын 10-нд насанд хүрсэн хүн амын эхний тунг,
  • Зургаадугаар сарын 10-нд 2 дахь тунг хийж дуусгана
  • Долоодугаар сарын дунд гэхэд хүн амын 60 орчим хувь бүрэн вакцинжуулалтад хамрагдах юм.

Гэхдээ насанд хүрсэн нийт иргэдээ дархлаажуулсан ч цаана нь үлдэж байгаа хүүхдүүдээ дархлаажуулж чадахгүй бол бид халдварыг бүрэн хумих боломжгүй юм.

2021 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн байдлаар нийт 6615 хүүхэд халдвар авсан нь тогтоогджээ. Хэдийгээр Ковид хүүхдэд цөөн халдварладаг, бага хүндэрдэг, цөөн нас бардаг гэж мэргэжилтнүүд үзэж байгаа ч манай орны хувьд нийт өвчлөгчдийн 20 орчим хувийг хүүхэд эзэлж байна гэдэг нь бусад оронтой харьцуулахад өндөр үзүүлэлт юм.
 


ХИЧЭЭЛ ХЭЗЭЭ ЭХЛЭХ ВЭ?
 

Халдварын тархалтыг бүрэн хумихад насанд хүрэгчдийн вакцинжуулалт хангалттай биш гэж эрдэмтдийн баг зөвлөж байна. Хүүхдүүдийн дунд өвчлөл ийм өндөр түвшинд байхад танхимын хичээлийг эхлүүлэх нь бусад эрүүл хүүхдүүдэд халдвар тархах, хичээлийг тогтвортой явуулах нөхцөлийг алдагдуулах, хөтөлбөр тасалдах зэргээр багш, эцэг эхчүүдэд олон бэрхшээлийг үүсгэж сургалтыг хэвийн явуулах боломжгүй болно. Хичээл хэзээ эхлэх вэ?гэсэн асуултад “тархалтыг зогсоосон тэр үед” гэсэн хариултыг одоогоор өгч чадахаар байна.

Тиймээс намар хичээл сургалтын үйл ажиллагаагаа хэвийн горимд шилжүүлэхийн тулд хүүхдийн вакцинжуулалтад өнөөдрөөс бэлдэх шаардлагатай байгааг сануулж БШУЯ-аас саналуудаа холбогдох байгууллагуудад хүргүүлэв.

ХҮҮХДИЙН ВАКЦИНЫ СУДАЛГАА БА БУСАД ОРНЫ БАРИМТАЛЖ БУЙ БОДЛОГО
 

Цар тахлыг таслан зогсоох хамгийн үр дүнтэй арга нь хүүхдийн вакцинжуулалт гэж эрдэмтэд үзэж байна. Одоогийн байдлаар Файзэр, Модерна, Жонсон-Жонсон зэрэг компаниуд хүүхдийн вакцины туршилтууд амжилттай болж байгаа талаар мэдээлээд байна.

  • 2021.03.31-нд Файзер вакцины үйлдвэрлэгч 12-15 насны хүүхдүүдэд вакцинаа туршиж үзэхэд 100% үр дүнтэй, дархлааны хариу урвал өндөр байгаа талаар мэдээлсэн байна.
     
  • 2021.04.07-нд хүүхдүүдэд Астразенека вакцины туршилт хийхийг зогссон.
     
  • 2021.01.15-нд Вероселл вакцины үйлдвэрлэгч вакциныг 3-17 насны хүүхдүүдэд аюулгүй гэж тогтоосон талаар Хятадын төрийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна.
     
  • 2021.03.22-нд Спутник үйлдвэрлэгч 3-17 насны хүүхдүүдэд зориулсан вакциныг хөгжүүлж эхлээд байгаа талаар мэдээлэв.
     


ХҮҮХДИЙН ВАКЦИНЫ БЭЛТГЭЛ ХАНГАХ САНАЛ
 

Насанд хүрэгчдийн вакцинжуулалтын үед бид хэд хэдэн алдаа гаргасан ч энэ алдааг хүүхдүүдийн вакцинжуулалтын үед давтахгүй байх нь чухал юм. Вакцин худалдаж авах эх үүсвэрийг эртнээс бэлдэх, вакцин үйлдвэрлэгчдэд захиалгаа эрт өгөх, тээвэрлэлт, ложистикийн төлөвлөлтийг нарийвчлах, түгээлт, вакцинжуулалтыг хурдтай, оновчтой зохион байгуулах шаардлагатай байна. Тиймээс дараах саналыг холбогдох газруудад хүргүүлэв.

5-р сард багтаан хүүхдийн вакцин худалдаж авах эх үүсвэрийг Засгийн газраас шийдвэрлэх

6-7-р сард багтаан вакцин үйлдвэрлэгчидтэй гэрээ байгуулах, захиалах

9-10-р сард багтаан вакциныг оруулж ирэх, вакцинжуулалтыг эхлүүлэх
 

Монголд КОВИД-19 халдвар авсан хүүхдийн тоо 6615 хүрчээ
 

Эх сурвалж: БШУЯ

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.118.150) 2021 оны 04 сарын 30

8 сараас вакцинжуулаач ээ. Хичээл эхлэхээс өмнө бүх хүүхдэдээ дархлаа тогтоож хамгаалах хэрэгтэй юм бишүү.

0  |  0
Р(66.181.161.102) 2021 оны 04 сарын 29

хужаагын шээс

0  |  0
Top