Хөл хорио халдвар тархах эрсдлийг 50 хувиар бууруулсан гэв

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 04 сарын 29

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр (2021.04.29) цаг үеийн шинжтэй асуудлаар мэдээлэл танилцуулав.

Тэрбээр Монгол Улсад үүсээд буй коронавируст цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явц, үр дүнгийн талаарх мэдээллийнхээ эхэнд короновируст цар тахлын халдварын нөхцөл байдлын танилцуулсан.

Цар тахлын нөхцөл байдал дэлхийн 226 улсад тархаж, тус вирусээр 147.5 сая хүн өвчлөн, өнөөдрийн байдлаар 3.1 сая хүн амь насаа алдаад байгаа юм байна.

Монгол Улсад 2021 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр буюу өчигдрийн байдлаар анх гарснаас хойш нийт 33.608 хүн халдвар авснаас зөөвөрлөгдсөн нь 457 буюу 1.3 хувийг, дотоодын кластер халдвар 33.151 буюу 98.7 хувийг эзэлж байгаа дүн мэдээг танилцуулсан.

2021 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотод 1092 тохиолдол, орон нутагт 72 тохиолдол бүртгэгдэж, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Сүмбэр, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Увс, Хэнтий зэрэг найман аймагт халдварын тохиолдол шинээр бүртгэгдээгүй аж.

Нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой Өмнөговь, Дорноговь аймгуудыг халдваргүй, ногоон бүс болгох чиглэлд онцгойлон анхаарч, зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллаж байгаа гэлээ.

Коронавирусээр халдварласан 33.608 иргэнээс 53.6 хувь буюу 18.033 иргэн эдгэрсэн байна. Одоогийн байдлаар 4703 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас нийслэлд 3606, орон нутагт 1097 иргэн эмчлүүлж, 103 иргэний биеийн байдал нэн хүнд байдалтай 11 эмнэлэгт эрчимт эмчилгээ хийлгэж байгаа юм байна.

Биеийн байдал нэн хүндэрсэн иргэдийг эмчлүүлэх зорилгоор Эрүүл мэндийн яамнаас сэхээний нарийн мэргэжлийн 22 эмчилгээний багийг гарган, ажиллуулж байгаа аж. Эмчилгээ хийлгэж буй иргэдийн 56 хувь нь хөнгөн, 33.1 хувь нь хүндэвтэр, 8.6 хувь нь хүнд, 2.2 хувь нь нэн хүндээр өвчлөөд байгааг мэдээлэлд дурджээ.

Коронавирусийн халдвар, суурь өвчин хавсарсан байдлаар иргэдийн биеийн байдал хүндэрч байгаа тохиолдол олон байгаа аж. Европын орнуудаас ирсэн 6 иргэнээс англи маягийн мутацлагдсан хэлбэрийн вирус илэрснийг геномийн шинжилгээгээр баталгаажуулах ажил хийгдэж байгааг Шадар сайд мэдээллийн үеэр дуулгав.

Үргэлжлүүлэн тэрбээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцууллаа.
 


Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, халдварын тархалтын өсөлтийг зогсоох, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн Улсын Их Хурлаас батлан гаргасан хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр Засгийн газар, Улсын онцгой комиссоос 90 гаруй тогтоол, шийдвэр, тусгайлсан харилцааг журамласан 20 гаруй журам, заавар гарган хэрэгжилтийг хангуулан ажиллаж байгаа юм байна. Манай улсад тархсан халдварт цар тахлын одоогийн нөхцөл байдал, цаашид үүсч болзошгүй эрсдэлийн талаар эрдэмтэн, судлаачид, эмч мэргэжилтнүүдийн хамтран гаргасан судалгаа, тооцоо, гадаад орнуудын туршлага дээр үндэслэн цаг үеийн төдийгүй цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж, Улсын онцгой комиссын хуралдаан, тус комиссын өдөр тутмын шуурхай хурлаар хэлэлцэн шийдвэрлэж, хариу арга хэмжээг төлөвлөн, хэрэгжилтийг тухай бүр зохион байгуулан ажиллаж байгааг Шадар сайд мэдээлэлдээ дурдав.

Халдварт цар тахлын аюулын зэргийн үнэлгээгээр манай улсад халдварын тархалт 2021 оны гуравдугаар сарын сүүлээс эрс нэмэгдэх, хатуу хөл хорио, хязгаарлалт тогтоохгүй бол дөрөвдүгээр сарын дунд үе гэхэд халдвар авсан иргэдийн тоо өдөрт дунджаар 2400-д хүрэх, үүний дотор хүнд, нэн хүнд хүний тоо эрс өсч, нас баралт 20 орчимд хүрнэ гэсэн судалгаа, тооцоолол гарсан байсныг тэрбээр танилцууллаа.

ХӨСҮТ болон түүний судлаачдын багийн гаргасан урьдчилсан тооцоогоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хөл хорионы дэглэмийг үргэлжлүүлэн тогтоож байсан ба үүний үр дүнд 2021 оны есдүгээр сарын 9-ний өдөр 190 мянгад хүрч болох халдварын тохиолдлын тоог гурав дахин бууруулах боломж бүрдсэн гэж үзсэн байна.

Ийм учраас хөл хорионы дэглэмийн үр нөлөөтэй байдлыг зайлшгүй ашиглах шаардлагатай төдийгүй, түүний зохицуулалтыг боловсронгуй болгож, гарах сөрөг үр дагаварыг бууруулахад онцгойлон анхаарч, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм байна. Тухайлбал, автозамын болон барилга байгууламж, газар тариалан гэх зэрэг улирлын шинж чанартай, цаг алдалгүй хийгдэх шаардлагатай нийгэм, эдийн засгийн ач холбогдол бүхий үйл ажиллагааг тусгайлан авч үзэж, хяналт зохион байгуулалттайгаар хот хоорондын хөдөлгөөнийг зохицуулан оролцуулж байгаа гэлээ.

Халдварын дэгдэлт нэмэгдэж, олон талын эрсдэл, хүндрэл үүсч байгаа хэдий ч нийтэд тархсан өвчлөлийн хавьтлыг тогтоох, хяналтад авах, дам болон ойрын хавьтлыг тусгаарлан гэрийн хяналтад оруулах, эм, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, хөнгөн хэлбэрээр өвчилсөн иргэдийг гэрээр өрхийн эмчийн болон явуулын эмч нарын багийн хяналтад эмчилгээний багц олгох хэлбэрээр эмчилгээг Эрүүл мэндийн яамнаас хариуцан ажиллаж байгаа юм байна. Мөн суурь өвчтэй, хүнд хэлбэрээр өвчилсөн иргэдийг эмнэлгийн ор нэмж дэлгэх байдлаар хэвтүүлэн эмчлэх, ахмад настнуудад дархлаажуулалтын багц олгож, дархлааг нь хамгаалах, эмч мэргэжилтнүүд, түргэн тусламжийн автомашины тоо, хүчил төрөгчийн хангамжийг нэмэгдүүлэх зэргээр өдөр тутам 240 гаруй асуудлыг цаг хугацаатай уралдан зохион байгуулж байгааг мэдээлэлдээ С.Амарсайхан сайд дурдсан.

Энэхүү арга хэмжээнд оролцож буй төрийн албан хаагчид өндөр ачаалалтай ажиллаж байгаа бөгөөд шаардлагатай асуудлуудыг тухай бүр нь шийдвэрлэн ажиллаж байгаагаа нэгдсэн хуралдаанд танилцуулсан.

Халдварын тархалтыг сааруулахын тулд 2021 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, халдвар тархах эрсдлийг 50 хувиар, нас баралтыг 60 хувиар бууруулсан гэж тооцсон байна. Гэвч халдварын тархалтыг сулруулах, хүн амын эрүүл мэндийг өндөр хэмжээнд хамгаалах үүднээс бүх нийтийн бэлэн байдлын зэргийг чангатгаж, дагаж мөрдөх хугацааг дахин 14 хоногоор сунгах шийдвэрийг гарган хэрэгжүүлж байгааг мэдээлэлд дурдлаа.

Цар тахлын халдвар нь гэр бүл, байгууллагын хүрээнд болон зах, худалдааны төв, үзвэр, үйлчилгээ зэрэг хүн ам олноор цугладаг газарт тархаж байгаа тул бүх нийтийн бэлэн байдлын улаан түвшинд шилжүүлж, төрийн байгууллага, хуулийн этгээд, иргэдийн сахих дэглэмд дахин зохицуулалт хийж халдварын тархалтын багасгах арга хэмжээг нэмэгдүүлэн, зохих байгууллагууд хариуцан ажиллаж байна. Мөн иргэд, гэр бүл ахуйн хүрээнээс халдварлах явдал багасахгүй байгаа тул халдвар авсан иргэдийг гэр бүлээс нь тусгаарлах, шаардлагатай тохиолдолд эмнэлэг, тусгаарлах байранд шилжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа юм байна.

2021 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн байдлаар нийслэлд эрчимт эмчилгээний 80, энгийн эмчилгээний 666 ор, хөдөө орон нутагт эрчимт эмчилгээний 168, энгийн эмчилгээний 3151 ор сул байгааг Шадар сайд танилцуулсан.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээ, ор төлөвлөлтийн талаарх мэдээлэлдээ үргэлжлүүлэн “Сүүлийн өдрүүдэд халдварын тархалт эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор улсын болон хувийн хэвшлийн эмнэлгийг дайчлан ашиглаж байгаа юм байна. Цаашид хөнгөн өвчтөнүүдийг тусгаарлан эмчлэх зориулалтаар нийслэлийн хэмжээнд 7 дүүрэгт хувийн хэвшлийн 52 эмнэлгийг 949 ор, 23 сургуулийн 1080 орыг нэмэлтээр,  6 дүүрэгт 152 амралтын газрын 7940, 16 жуулчны баазын 1320 орыг дайчлан ажиллуулах тооцоо гаргасан гэлээ. Түүнчлэн АШУҮИС-ийн Япон-Монголын эмнэлгийн оюутны байранд 450 ор дэлгэн, халдварын тохиолдлыг тусгаарлан эмчлэх нэгжийг хуваарилж, хөнгөн хэлбэрийн өвчтөнүүдийг шилжүүлэх, Архангайн оюутны байранд 150 ор бэлтгэж, эхний ээлжийн ашиглалтыг тус тус эхлүүлээд байгаа гэв.

Мөн ШУТИС-ийн оюутны I байр, АШУҮИС-ийн II, III байр Архангайн оюутны дотуур байрны нийт 337 өрөөний 1980 орыг ашиглахаар төлөвлөж, тэнд 844 албан хаагч  ажиллуулах тооцоог гаргаад байгаа бөгөөд болзошгүй үед ашиглах зорилгоор “Буянт-Ухаа” спорт цогцолборыг ашиглахаар бэлтгэл хангажээ. Гурван ээлжээр нийт 180 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, албан хаагчдыг ажиллуулах тооцоог гаргасан гэлээ.

Шадар сайд үргэлжлүүлэн эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн талаар мэдээлэл танилцуулсан.

Улсын хэмжээнд коронавируст халдварын үед шаардлагатай 37 нэр төрлийн нийт 5.0 тэрбум төгрөгийн эмийн нөөц, 16 нэр төрлийн нийт 38.3 тэрбум төгрөгийн хувийн хамгаалах хэрэгслийн нөөцтэй байгаа аж. Эрүүл мэндийн байгууллагуудад нийт 984 амьсгалын аппарат (үүнээс зөөврийн 137) ашиглагдаж байгаагаас төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдэд зөөврийн 60 амьсгалын аппарат ашиглагдах боломжтой. Түүнчлэн ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт нэн шаардлагатай хүчил төрөгчийн үйлдвэрийг шуурхай барьж 4 дүгээр сарын 30-ны өдөр ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа гэв. Хан-Уул дүүрэгт баригдсан, одоо халдварын тусгаарлалтад ашиглагдаж байгаа 300 ортой, Эх хүүхдийн эрүүл мэндийн II төвийн хүчил төрөгчийн үйлдвэрийг, мөн 21 аймагт хүчил төрөгчийн бэсрэг үйлдвэрийг  тавдугаар сард багтаан ашиглалтад оруулах татан авалтын ажлыг гүйцэтгэж байгаа гэлээ.

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын явцын талаарх мэдээлэлдээ тэрбээр “Дэлхий нийтээр коронавируст халдварын эсрэг вакцины 275 хөгжүүлэлтийг хийж байна. Үүнээс 184 вакцин эмнэлзүйн өмнөх туршилтын шатанд, 91 вакцин эмнэлзүйн туршилтын шатанд явж байгаа бөгөөд одоогоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын яаралтай хэрэглэх жагсаалтад гурван вакцин бүртгэгдээд байгаа юм.

2021 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн байдлаар дэлхийн 154 улс орон коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтын ажлыг зохион байгуулж,  олон улсын хэмжээнд 1 тэрбум гаруй хүнийг вакцинжуулсан гэх тоон мэдээлэл байна” гэлээ.

Манай улсын хувьд 2021 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн байдлаар нийт 1.760. 640 вакцины тунг татан авч хүн амыг дархлаажуулах ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд цаашдаа вакцины татан авалтыг үргэлжлүүлэн Улаанбаатар хотын нийт насанд хүрэгч буюу 1.080.000 иргэнийг тавдугаар сарын 8-ны өдрөөс өмнө I тунд бүрэн хамруулж, II тунг 55 хувьд хүргэхээр төлөвлөөд байгаа гэлээ. Мөн иргэдийг дархлаажуулах ажлыг эхлэхээс өмнө 21 аймгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнийг вакцинжуулах ажил зэрэг хийгдэж байгаа гэлээ.

Улсын хэмжээнд 2021 омы дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн байдлаар дархлаажуулалтын I тунд 744.564 иргэн, II тунд 262.466 иргэн хамрагдсан байна. Ингэснээр хамрагдвал зохих зорилтот бүлгийн буюу насанд хүрэгчдийн 36 хувь нь I тунд, 12.7 хувь нь II тунд хамрагдаад байгаа гэв.

Нийслэлийн хэмжээнд 2021 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрөөс тавдугаар сарын 8-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 250 баг 120 суурин цэг, 40 явуулын цэгт ажиллаж, өдөрт дунджаар 60.000 хүнд вакцин хийхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа гэв.

Вакцины төлөвлөлт эмчийн үзлэг, вакцинд хамрагдсан иргэдийн бүртгэл, мэдээлэл, вакцины сертификатыг цахим бүртгэлийн системүүдэд бүртгэж, илэрч буй урвалд тандалт судалгаа шинжилгээний ажлыг мөн зохих түвшинд зохион байгуулж байгаа аж.

Гадаад улсаас иргэдээ татан авах талаар мэдээлэхдээ, 2021 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн байдлаар хилийн 160 удаагийн захиалгат нислэгээр 26.557 иргэнийг “Буянт Ухаа” боомтоор,  6.787 иргэнийг газраар буюу Монгол-Орос, Монгол-Хятадын хилийн боомтоор мэргэжлийн байгууллагуудын хяналт дор зохион байгуулалттайгаар татан аваад байгаа юм байна. Улсын онцгой комиссын даргын 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн 31 дүгээр тушаалаар “Тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам” батлагдсантай холбогдуулан хилийн чанадаас ирэх иргэдийг зориулалтын байранд 7 хоног тусгаарлах горим хэрэгжиж эхэлсэн гэв. Мөн коронавируст халдварын эсрэг вакцины бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн болон коронавируст халдвар авч эдгэрсэн хүнийг тусгаарлахгүй байхаар шийдвэрлэсэн гэлээ.

Мэдээллийнхээ төгсгөлд Шадар сайд хандив, тусламжийн талаар танилцуулсан. Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагаанд аж ахуйн нэгж, байгууллага иргэдээс нийт 8.9 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгө, 41.2 тэрбум төгрөгийн бараа материалын хандив тусламж үзүүлсэн байна. Тухайлбал, Улсын онцгой комисст 3.9 тэрбум төгрөг, ЭМЯ, МХЕГ, ХХЕГ, ЦЕГ, ХӨСҮТ, ЗӨСҮТ зэрэг төрийн байгууллагад 2.3 тэрбум төгрөг, 34.7 тэрбум төгрөгийн бараа материалын хандив цугласнаас 215.3 сая төгрөгийн мөнгөн хөрөнгө, 5.8 тэрбум төгрөгийн бараа материалын үлдэгдэлтэй байгаа аж. Аймаг, нийслэлийн Онцгой комиссын үйл ажиллагааг дэмжиж 2.6 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгө, 1.4 тэрбум төгрөгийн бараа материалын хандив тусламж үзүүлснээс 333.5 сая төгрөгийн мөнгөн хөрөнгө, 757.4 сая төгрөгийн бараа материалын үлдэгдэлтэй байгаа аж.  

Хандив тусламжаар төвлөрсөн мөнгөн хөрөнгө болон бараа, материалыг хүлээн авах, хуваарилах хяналт тавих үйл ажиллагааг Засгийн газрын 2020 оны 133 дугаар тогтоолоор баталсан “Гамшгаас хамгаалах дотоодын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах журам”-ын хүрээнд Улсын онцгой комиссын дарга болон Аймаг, нийслэлийн Онцгой комиссын даргын баталсан хуваарийн дагуу хэрэгжүүлж байгаа юм байна. Улсын онцгой комисст ирүүлсэн хандив, тусламжийн мөнгөн хөрөнгийн орлого, зарцуулалт, худалдан авах ажиллагааны талаарх тайлан мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газрын www.nema.gov.mn цахим хуудсаар тухай бүр мэдээлж байгаа юм байна. 

Цар тахалтай тэмцэх ажлын хүрээнд зарцуулсан санхүүжилтийн талаар мөн танилцуулсан.

Сангийн яамнаас ирүүлсэн мэдээлэлд, коронавируст халдвар, цар тахлын үед эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгийг идэвхжүүлэх, ажлын байрыг хадгалах, малчин өрх болон эмзэг бүлгийн иргэдийн амьжиргаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор Засгийн газраас авч хэрэгжүүлэх ажлын хүрээнд 10 төсөл, арга хэмжээнд 3 тэрбум төгрөгийг зарцуулсан гэлээ.

Цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авч хэрэгжүүлсэн Засгийн газар гадаад зээл тусламжаар Экспортыг дэмжих төслийг дахих хуваарилалт, Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл, Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр зэрэг 5 нэмэлт төсөл, арга хэмжээнд нийт 53.7 сая ам.доллар зарцуулсан байна. Засгийн газрын нөөц сангаас 2020 онд цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд шаардагдах 16.6 тэрбум төгрөгийг зарцуулсан гэв.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ussuri(202.179.27.168) 2021 оны 05 сарын 01

Тэгээд Энэтхэгээс халдвартай хүн тээвэрлэж авч ирсэн талаар нөгөө хөлдүү төмснүүд нь асуудаггүй юм байх даа

2  |  0
монголжин(66.181.161.23) 2021 оны 05 сарын 01

Малнуудаа дотороо хөл хорьж ард иргэдэээ туйлдаж ядууралд хүргэж байж гаднаас өвчин битгий оруулж ирээд байгаачээ ямар шунаж дуусдаггүй сэтгэл вэ хэлэх ч үг алга муу шуналын тудам малнууд

1  |  0
Бузарууд (139.5.217.15) 2021 оны 04 сарын 30

Ахиад 7-10 хоног сунгана гэж бна гэсэн

0  |  0
Ард(107.126.32.143) 2021 оны 05 сарын 01

Амарсайхан п ис да худлаа хуцаж болсон бол одоо боль .Ард түмний эсрэг гэмт хэрэгтэн

0  |  1
Top