Улаанбаатарт 1190, орон нутагт 138 тохиолдол бүртгэгдлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 04 сарын 30

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.04.30/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1356 хүний шинжилгээнээс халдвар нэмж илэрчээ. Шинээр бүртгэгдсэн халдварын 1356 тохиолдлын 1190 нь Улаанбаатар хотод, 138 тохиолдол нь хөдөө, орон нутагт бүртгэгджээ. Харин тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн 28 иргэний шинжилгээнээс халдвар илэрсэн байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвар авсан иргэдийн тоо 35979 боллоо.

Тэгвэл өнгөрсөн хоногт 923 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Улмаар халдвар авч, эдгэрсэн иргэдийн тоо 19642 болж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

Харамсалтай нь, өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар авч, эмчлэгдэж байсан найман иргэн нас баржээ. Монгол Улсад халдвараар нас барсан иргэдийн тоо 110 болж байна. Тодруулбал, 61 настай эмэгтэй, 67 настай эмэгтэй, 73 настай эмэгтэй, 48 настай эрэгтэй, 64 настай эрэгтэй, 59 настай эрэгтэй, 32 настай эмэгтэй, 84 настай эмэгтэй нас баржээ. Нас барсан нийт 110 иргэний ихэнх нь хавсарсан хууч өвтэй байсан талаар хэлж байна. 

Нефтийн үйлдвэрт ажиллахаар Энэтхэгээс ирсэн 19 иргэнээс ХАЛДВАР илэрлээ


Зөөвөрлөгдсөн 28 тохиолдлын нэг нь дөрөвдүгээр сарын 23-нд Сөүл-Улаанбаатарын транзит онгоцоор Энэтхэгээс ирсэн Монгол Улсын иргэн бол бусад нь мөн энэ өдөр Казахстанаас ирсэн Монгол Улсын найман иргэн байна.

Түүнчлэн дөрөвдүгээр сарын 26-нд Энэтхэгээс ирсэн 19 иргэнд коронавирусний халдвар бүртгэгдсэн байна. Энэтхэг иргэдийн 18 нь Дорноговь аймагт, нэг нь Улаанбаатарт тусгаарлагдсан байгаа аж.

Сануулахад, 2021 оны дөрөвдүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Нью-Дели-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 72 хүн Монголд ирсэн талаар Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлсэн. Эдгээр  иргэний 11 нь Монгол Улсын иргэн бол үлдсэн нь гадаадын иргэн байсан юм. Үүнтэй холбоотойгоор олон нийтийн дунд "Халдварын тархалт нэмэгдэж буй Энэтхэг улсаас олон хүн ирэх шаардлага байсан уу" гэх асуудал яригдсан. 

Тус нислэгээр ирсэн Энэтхэг улсын 60 иргэн нарийн мэргэжлийн техник инженерийн ажилчид бөгөөд Дорноговь аймгийн Алтанширээт суманд газрын тос боловсруулах бүтээн байгуулалтын ажилд оролцохоор ирсэн аж. Харин Монголын 11 иргэний хувьд Энэтхэгт урт хугацааны туршид эмчилгээ хийлгэж байгаад ирсэн хүмүүс байжээ. Энэтхэгээс ирсэн ажиллах хүчнийг Дорноговь аймгийн Алтанширээтэд тусгаарласан бөгөөд бүгд вакцины хоёр дахь тунд хамрагдсан, PCR шинжилгээтэй байсан тухай УОК-ын Шуурхай штабаас мэдэгдэж байсан юм. 

Top