Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.04.30/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1356 хүний шинжилгээнээс халдвар нэмж илэрчээ. Шинээр бүртгэгдсэн халдварын 1356 тохиолдлын 1190 нь Улаанбаатар хотод, 138 тохиолдол нь хөдөө, орон нутагт бүртгэгджээ. Харин тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн 28 иргэний шинжилгээнээс халдвар илэрсэн байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвар авсан иргэдийн тоо 35979 боллоо.
Өчигдөр халдвар авч, эмчлүүлж байсан найман иргэн нас барлаа. Тодруулбал, 61 настай эмэгтэй, 67 настай эмэгтэй, 73 настай эмэгтэй, 48 настай эрэгтэй, 64 настай эрэгтэй, 59 настай эрэгтэй, 32 настай эмэгтэй, 84 настай эмэгтэй нас баржээ.
Монгол Улсад халдвараар нас барсан иргэдийн тоо өнөөдрийн байдлаар 110 болж байна. Нас барсан нийт 110 иргэний ихэнх нь хавсарсан хууч өвтэй байсан талаар ЭМЯ мэдэгдлээ.
Өнгөрсөн хоногт 923 хүн эмнэлгээс гарснаар халдвар авч, эдгэрсэн иргэдийн тоо 19642 боллоо.
Өнөөдрийн байдлаар халдвар авсан 4746 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 112-ынх нь биеийн байдал маш хүнд байгаа аж.