Нийслэлийн иргэдийн 41 хувь нь вакцинд хамрагдаагүй байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 05 сарын 02

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор хүмүүсийн хөдөлгөөн хязгаарлагдаж, сүүлийн 10 хоногийн хугацаанд халдвар авах хүний тоо нийслэлийн хэмжээнд тогтвортой байна. Хариу арга хэмжээний баг батлагдсан тохиолдол дээр очиж, ойрын хавьтлыг тогтоох, эрүүл мэндийн үзлэг хийж, шаардлагатай бол эмнэлэгт шилжүүлж, өрхийн эмчийн хяналтад авч байгааг НЭМГ-ын дарга Б.Бямбадорж мэдээллээ. 

Тухайн өдөрт халдвартай нь тогтоогдсон хүмүүсийн 90 гаруй хувийг 24 цагийн дотор хяналтдаа авч байна. Нийслэлийн хэмжээнд 8000 гаруй хүн гэрийн тусгаарлалтад байгаа. Баянзүрх дүүрэгт хамгийн олон буюу 2884 хүн бий. Өдөрт шинжилгээний зургаан цэг, амралтын өдрүүдэд гурван цэг ажиллаж байгаа аж. 

Улаанбаатар хотын хэмжээнд дархлаажуулалт хоёрдугаар сарын 23-наас эхэлсэн. Тавдугаар сарын 8 гэхэд нийслэлийн иргэдээ I тунд хамруулж, II тунг тавдугаар сарын 29 гэхэд хийж дуусгахаар төлөвлөсөн.

Нийт 120 цэгт өдөрт 75 мянга гаруй хүнийг вакцинд хамруулахаар төлөвлөж,  2000 гаруй эмч, ажилтан ажиллаж байгаа юм. Гэвч нийслэлийн иргэдийн 41 хувь нь вакциндаа хамрагдаагүй байна.

Сүүлийн өдрүүдэд дархлаажуулалтад хамрагдалт муу, өчигдөр гэхэд 75 мянга гаруй иргэнийг вакцинд хамруулахаар төлөвлөснөөс 47971 хүн вакцин хийлгэжээ.


Хөл хорио дуусахаар ВАКЦИНЫ НӨӨЦӨӨ орон нутаг руу хуваарилна


Иргэдийн вакцинжуулалтад хамрагдах идэвх сул байгааг Засгийн газар, Онцгой комиссын гишүүд ч, эрүүл мэндийн байгууллагынхан ч хэлж байна. 

Тухайлбал, нийслэлийн хэмжээнд вакцинд хамрагдах зорилтот бүлгийн 1,143,025 иргэн байгаагаас 2021.05.01-ний 16:00 цагийн байдлаар 470 мянган вакцин хийлгээгүй байгааг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзориг мэдэгдээд,  "Улаанбаатарт 470 мянган хүн огт вакцинаа хийлгээгүй байна. Нийслэлчүүдийн 59 хувь нь вакцинаа тариулсан. Нийслэлийн 112 цэгт 1900 эмч, эмнэлэгийн ажилтан хэвийн амьдралын төлөө, гэр бүлээ умартан ажиллаж байна. Тавдугаар сарын 8 хүртэлх хөл хорионы үр дүн нь вакцинжуулах" хэмээн жиргэжээ.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзориг өмнө нь "Өдөрт 75 мянган хүн хамруулж байж хөл хорио дуусах хугацаанд буюу тавдугаар сарын 8 гэхэд Улаанбаатарын иргэд эхний тундаа 100% хамрагдана. Тавдугаар сарын 10-наас 21 аймагт вакцинжуулалт явах тул орон нутаг руу вакцины нөөцөө хуваарилна" гэдгийг мэдэгдэж байсан. 

Улсын Онцгой комиссын дөрөвдүгээр сарын 29-ний хурлаар ч энэ асуудлыг эцэслэж, тавдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 21 аймагт дархлаажуулалтыг өргөн хүрээнд зохион байгуулж, богино хугацаанд орон нутгийн зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулалтын нэгдүгээр тунд хамруулахыг чиглэл болгосон. 

Тиймээс "Хятад вакцин хийлгэхгүй, орос вакцин хүлээж байна" гэх мэтээр асуудалд хандаж байгаа иргэд хэдийгээр хүний эрхийн асуудал ч гэлээ нөхцөлд байдалд бодитоор хандаж, дархлаажуулалтдаа боломжит хугацаанд хамрагдахыг эрүүл мэндийн байгууллагууд уриалж байна. 

Өнөөдрийн байдлаар нийслэлд суурин 120 гаруй цэг ажиллуулж, "Астразенека" вакцины II тунд болон "Синофарм"-ын "ВероСел" вакцины I, II тунд 18-аас дээш насны иргэдийг харьяалал харгалзахгүй хамруулж байгаа билээ. 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн мэдэлснээр өнөөдөр 20,000 тун "Спутник" вакцин Монгол Улс хүлээж аваад байгаа аж. 

Өчигдрөөс Монголд амьдардаг гадаадын иргэдийг вакцинд хамруулж эхэлсэн ба өнөөдрийн байдлаар 14500 орчим гадаадын иргэн Монгол Улсад байнга оршин сууж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top