Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өчигдөр /2021.12.29/ А1032 тоот захирамж гаргаж, Монгол Улсын анхны ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн амьдарч байсан, түүхийн дурсалт өв "Гоожингийн өндөр"-ийг хамгаалалтанд авч, газар эзэмших эрхийг цуцаллаа. Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойн өдөр түүх, соёлын дурсгалт өв болсон “Гоожингийн өндөр” хэмээн түүхэн барилгыг хамгаалах, цаашлаад сэргээх засварлах түүхэн шийдвэрийг олон нийтэд танилцууллаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Монголын ард түмний түүх соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан оюуны өв төрийн хамгааалалтад байна гэж заасныг хэрэгжүүлэх зорилгоор Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Гоожингийн өндөр"-ийн хоёр давхар барилгыг цагдаагийн хамгаалалтад аваад байгаа юм. Түүхэн дурсгалт барилгын хийц бүтээцийг нь алдагдуулахгүйгээр сэргээн засварлахыг холбогдох албан тушаалтанд үүрэг болголоо. Сэргээн засварлах ажлыг 2022 оны дөрөвдүгээр улиралд багтаан гүйцэтгэх бөгөөд цаашид музейн зориулалтаар ашиглахаар Нийслэлийн Засаг даргын захирамжид дурдсан байна. Мөн барилгын орчимд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна.
Түүнчлэн "Гоожингийн өндөр" хэмээх үл хөдлөх дурсгалыг хууль зөрчиж, бусдын өмчид шилжүүлсэн явдлыг судалж, хуулийн байгууллагаар шалгуулан холбогдох шийдвэрийг хүчингүй болгох юм.
"Гоожингийн өндөр"-ийн газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байгаа иргэний газар эзэмших эрхийг хүчингүйд тооцсон тухайд Нийслэлийн Засаг даргын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ тайлбарлахдаа “Гоожингийн өндөр хэмээх энэхүү барилгад Монгол Улсын Ерөнхий сайд Т.Намнансүрэн амьдарч байсан, жанжин Д.Сүхбаатар ажиллаж байсан, мөн Богд хааныг энэ барилгад 50 гаруй хоног хоригдож байсан түүхтэй барилгыг нийслэл хот хамгаалалтдаа авлаа. Цаашдаа хотынхоо өв соёлыг хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээхийн төлөө ажиллана. Улаанбаатар хотын түүхэн үйл явдалтай холбоотой төдийгүй Улаанбаатар хотын анхны европ хийцийн барилга гэдгээрээ онцлог юм. Үе үеийн төр засгийн байгууллагууд хамгаалсаар ирсэн энэхүү барилгын газрыг эзэмших шийдвэрийг иргэнд хууль бусаар олгосон асуудлыг шүүхээр шийдвэрлүүлнэ. Дурсгалт өвийн газрыг бусдад шилжүүлсэн асуудлыг шалгуулна. Нэг зүйлийг онцлон дурдахад газар бол төрийн өмч. Улсын өмчийг хамгаалалтдаа авч байгаа нь маш зөв шийдвэр” гэсэн юм.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл ( 5 )
dunguj sayahan barigdsan 80-ad ond ashiglaltand orj baisan uildveruudee nuraaj buh mashi tehnikii ni tumuriin hogond uragshaa achichhaad iim aimshgiin nuram boltson yumig yuug ni zasdagiin
Өөрсдөөсөө хамгаалах гээд байгаа юмуу дарга нар өөрсдөө л авдаг биздээ газрын намайчид бол үе үеийн засаг дарга нар болой
Шоу энэ тэр нь хамаагүй. Төрийн хамгаалалтанд авч засч янзалж хойч үедээ үлдээх, түүхэндээ хүндэтгэлтэй хандаж байгаа нь л чухал. Энэ нэг элдэв янзаар өө хардаг зангаа Монголчууд бид хаямаар юм.
Zov zov!
Kkkk zaaval oin bayariin udur avdag bas kkkk arai l show uy ugui uy