
Монголын гэрэл зургийн салбарын дээд шагнал болох “Мастер” цол, тэмдэг гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. МГЗНХ-ны зүгээс энэхүү цол, тэмдгийг хоёр жилд нэг удаа гардуулдаг бөгөөд өндөр шалгуур тавьдаг.
Өөрөөр хэлбэл, гэрэл зурагчин дараах есөн шалгуур үзүүлэлтийг хангасан байх учиртай.
Энэ жилийн тухайд 2022.03.22-04.22 хүртэлх нэг сарын хугацаанд МГЗНХ-нд материал хүлээн авсан бөгөөд нийт зургаан гэрэл зурагчин материалаа ирүүлжээ. Эндээс дээрх есөн шалгуур үзүүлэлтийг 100 хувь хангасан гэрэл зурагчин Н.Бат-Эрдэнэ, С.Бадамханд нарт “Мастер” цолны цом, тэмдэг, мөнгөн шагнал гардуулав.
Гэрэл зурагчин Н.Бат-Эрдэнэ нь 1990 оны дундаас гэрэл зургийн салбарт ажиллаж эхэлсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гэрэл зурагчнаар ажиллаж байсан нэгэн. Түүний хэвлэн нийтлүүлсэн гэрэл зургийн цомгууд нь Монгол орноо олон улсад сурталчлан таниулахад ихээхэн хувь нэмэр оруулсан билээ.
Харин гэрэл зурагчин С.Бадамханд нь гадаадад мэргэжил эзэмшсэн (1985 оноос гэрэл зургийн салбарт ажиллаж эхэлсэн) цөөхөн мэргэжлийн гэрэл зурагчдын нэг бөгөөд олон арван шавь төрүүлсэн гавьяатай. Хамгийн сүлд тэрбээр 2021 онд Япон улсын "HIGASHIKAWA Youth Fest” буюу “Дунд сургуулийн сурагчдын олон улсын гэрэл зургийн фестиваль”-д монгол сурагчдаа бэлтгэн орж, Тэргүүн байр эзэлж, энэ амжилтаараа эдгээр сурагчид “Оны онцлох хүүхэд-2021”-ээр шалгарч, Ерөнхий сайдаас шагнал хүртсэн юм.
Түүнчлэн С.Бадамхандын хэвлүүлсэн “Дулаан гар” гэрэл зургийн цомог нь орчин үеийн гэрэл зургийн салбарт шинэ өнгө аяс нэмсэн гэж үнэлэгддэг билээ.
Ташрамд, Монголын гэрэл зургийн "Мастер" цолыг өмнө нь байгалийн гэрэл зурагчин Д.Октябръ, олимпын тодотголтой гэрэл зурагчин Ч.Ганбат, В.Баттулга, Б.Батцэрэн нар хүртсэн байдаг.
Сэтгэгдэл ( 0 )