Жил бүр дуртайгаар очиж хийдэг зүйл маань school police билээ. Учир нь өөрийн болоод өрөөлийн бяцхан үрсийг аюул ослоос хамгаалах, болзошгүй эрсдэлээс сэргийлж байгаа гэж бодох таатай байдаг юм. Энэ үүргээ ч өчигдөр өглөө гүйцэтгэлээ. Аль хэдэн жилийн өмнө том охиныхоо сургуулийн ойролцоо гарц дээр зогсож байхад байсан жолооч нар утсаар оролдох нь улам бүр нэмэгджээ. Утсаар оролдож байгаад гэнэт хөдлөхдөө гарцгүй газраар гүйсэн хүүхдийг давхар эрсдэлд оруулж байна.
Үүнээс гадна өглөө 7.30 цагт ирсэн учраас хичээлдээ яаран алхах хүүхдүүд олон. Гэвч тэдний ихэнх нь хүйтний эрч нэмэгдэж байгаа энэ өдрүүдэд хэт нимгэн хувцасласан байна. Мэдээж ихэнх нутгаар цас орж, агаарын хэм хасах руу орчихсон энэ үед нимгэн хувцаслах нь ханиад томуу тусах том шалтгаан болж таарна. Өвчин тусахаар бид үр хүүхдүүдээ аваад өнөөх л муу нэр луу данстай эмнэлэг барааддаг. Харин эмнэлгийн өнөөдрийн бодит байдал нь ачаалал хэтэрсэн, коридорын шалаар зулсан, эм тариа нь хүрэлцэхгүй байдалтай байгаа. Гэтэл бид эргээд эмч нараа, эмнэлгийн удирдлагуудыг, төр засгаа хараан зүхсэн уртаас урт бичвэрүүдийг сошиал орчиндоо оруулж суудаг.
Тэгэхээр хайртай үрсийнхээ төлөө хаа хаанаа хариуцлагатай байсан бол ийм байдал үүсэхгүй, үүслээ ч ингэтлээ дор орчихгүй байсан байх. Тэгэхээр бүх зүйлд төр засаг буруутай бус, зарим зүйлд нь бид ч буруутай ажээ. Том болсон гэж үр хүүхдээ бодолгүй анхааран хайрлаж, дулаан хувцаслуулж хэвших нь элдэв аюулт өвчнөөс ангид байхад нь ч тустай шүү дээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )