ОЛОН ӨНГӨ: Хэрсүү байя, хүмүүсээ

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 11

Та, бидний дунд цахим хэлбэрийн гэмт хэргийн хохирогчид дүүрсэн байгааг анзаараад нэг үзээрэй. Аав, ээж, ах, эгч, анд нөхөд, дүү нар, ажлын газрын хамт олны тань дунд энэ төрлийн гэмт хэрэгт ямар нэгэн байдлаар хохирсон талаараа захаасаа авахуулаад ярина.

Фэйсбүүкт зургийг нь ашигласан, интернэт банкнаасаа мөнгө алдсан, зарын дагуу спорт заал түрээслэх гэж яваад хулхидуулсан, онлайн худалдан авалт хийгээд залилуулсан гээд тоочоод байвал дуусахааргүй асуудлууд хөвөрнө. Өөрөөр хэлбэл, цахим гэмт хэрэгт монголчууд гүнзгий “живжээ” гэсэн үг. Сошиалын энэ шуурганд энэ төрлийн гэмт хэрэг ихээр гарч байгааг хэлээд байхад л манайхан хулхидуулаад байгаа нь сонин.

Саяхан нэгэн танилын постыг олж уншив. “Зуслангийн маань байшингийн зургийг аваад зарын групп дээр энэ байшинг худалдана гэжээ. Хэн гэдэг хүн, ямар зорилготой ийм зар тавьсныг мэдэхгүй ч энэ зард итгэж болохгүй шүү” хэмээжээ. Өөр нэгэн танил маань спорт заал түрээслэнэ гэсэн зарын дагуу урьдчилгаагаа хийгээд алдсан гэх. Багын найз маань мөн онлайн худалдан авалт хийгээд бараагаа олж авч чадаагүйгээ ярив.

Энэ мэтчилэн цахим гэмт хэргийн хохирогч болоогүй хүн Монголд тун цөөхөн үлдэх нь ээ. Хавтгайрсан энэ их хэрэг зөрчлөөс хууль хяналтын байгууллагаас илүү хувь хүний хэрсүү байдал урьдчилан сэргийлэх нь тодорхой байна. Тиймээс аливаа гэмт хэргийн хохирогч болчихгүй, олз ашиг хайгчдын ов мэхэнд уначихгүй байхын тулд бид өөрсдөө л анхаарах хэрэгтэй байна. Хэрсүү байя, хүмүүсээ.

 

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top