Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх, тогтвортой санхүүжилтийн механизмыг бий болгох зорилгоор “Тэрбум мод сан” байгуулагдлаа. Тус сан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, сангийн ойжуулалт, ойг нөхөн сэргээх, цөлжилт, газрын доройтлыг бууруулах ажлыг зохион байгуулахаар БШУЯ, БОАЖЯ, НЗДТГ-тай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Энэ үеэр үндэсний хөдөлгөөний хүрээнд тэрбумаар тоологдох модыг тарьж, ургуулах, хамгаалах нэг хэрэг боловч оюун санаанд тэрбум мод тарьж ургуулах ойлголтыг төлөвшүүлэх нь чухал гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны сайд онцлов.
“Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сан” нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, түүний нөлөөллийг бууруулах чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээний гүйцэтгэлд хувь нэмрээ оруулан олон улсын жишигт нийцсэн итгэлцлийн сангийн жишгийг эх орондоо бий болгохоор зорьж байна. Мөн байгаль эх дэлхийгээ хамгаалахад иргэд олон нийтийн идэвх санаачилга, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх замаар суурь судалгаатай, үндэслэлтэй, шинжлэх ухаанч, экологийн өндөр ач холбогдол бүхий арга хэмжээг санхүүжүүлж ажиллахаар төлөвлөж байгаа юм.
“Тэрбум мод сан”-ийн нээлтийн үйл ажиллагаанд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж, Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, тус сангийн үүсгэн байгуулагч, төлөөлөл нар оролцлоо.
Сэтгэгдэл ( 0 )