Шагналыг “жинхэнэ” эзэнд нь л өг

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 14

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар саяхан нэгэн эрхмийг “Нийслэл хотын хүндэт иргэн”-ээр өргөмжилжээ. Тодруулбал, Хөдөлмөрийн баатар Хорлоогийн Баянмөнх аваргыг ийнхүү өргөмжилсөн байна. Нийслэл хотын хүндэт иргэний шагнал бол улс нийслэлийн төлөө чухал үүрэг гүйцэтгэсэн эрхмүүдэд олгодог дээд шагнал аж.

Уг шагналыг Маршал Г.К.Жуков, сансрын нисэгч Ж.Гүррагчаа, В.А.Джанибеков тэргүүтэй 22 эрхэмд олгож байжээ.

Улаанбаатар хотын хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан иргэнд олгодог уг шагналыг Х.Баянмөнх аварга авахад буруудах ч юмгүй, зөвдөх ч юмгүй. Аварга энэ шагналыг авлаа ч яалаа, аваагүй ч яалаа. Түүнд тэмдэг дутаагүй нь лав.

Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл, алив шагналыг эзнийг нь олж өгөх л чухал. Шагнал нүдээ олоод эзэндээ цагтаа очих шиг сайхан зүйл үгүй. Нийслэл хотын хөгжилд хувь нэмэр оруулсан хүнийг өргөмжилдөг шагналыг Улаанбаатарын хөгжлийн төлөө насаараа зүтгэсэн хүнд л олгомоор байгаа юм. Тийм л хүнийг олж өгч чадвал энэ шагналын үнэ цэн нь ч тодроод гараад ирнэ.

Түүнээс бус спортын алдартнууд, урлагийн оддод лав иймэрхүү төрлийн шагнал сэтгэлийг нь хөдөлгөж, урмыг нь бадраана гэдэг юу бол. Үнэ цэнийн хувьд ч ялгаагүй. Юм энгийн байх тусмаа л илүү үнэ цэнтэй гэдэг. Үүрийн таван жингээр нийслэлийн гудамжаа цэвэрлээд зогсож байдаг хот тохижилтынхонд дээрх шагналаа өг л дөө. Биеэрээ, сэтгэлээрээ өдөр тутам хоггүй хотын төлөө зүтгэж явдаг тэдэнд урам зориг өгөх шиг сайхан зүйл үгүй биз дээ.

 

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(103.212.119.17) 2022 оны 11 сарын 14

Өндөр хөгжилтэй орнуудад ямар ямар шагнал байдаг, өгдөг юм бол

1  |  0
Top