Гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний талаар хэлэлцэв

2022 оны 11 сарын 12

 Монгол Улсад тохиолдож байгаа аюулт үзэгдэл, ослын тоо жил бүр өсөн нэмэгдэж, 2004 онтой харьцуулахад 2021 онд хоёр дахин, өртөж амь насаа алдсан хүний тоо 3 дахин өссөн байна.

Тухайлбал, сүүлийн таван жилийн байдлаар аюулт үзэгдэл, ослын улмаас 1624 хүн амь насаа алдаж, 428 иргэн бэртэж, гэмтэн, 271,6 тэрбум гаруй төгрөгийн хохиол учирсан бөгөөд амь насаа алдсан иргэдийн 29 хувь нь усны ослоор, 16 хувь нь ахуйн гал түймэрт өртөж нас баржээ.

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид жилд дунджаар 4000 гаруй удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 3800 орчим хүний амь нас, аж, ахуйн нэгж, иргэдийн 110 гаруй тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалж байгааг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хэлэлцүүлгийн үеэр илтгэлдээ тодотголоо.

Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс хийсэн мэдээллээр өвөл-хаврын бэлчээрийн даац нийт нутгийн 40 орчим хувьд хүрэлцээтэй, харин 60 гаруй хувьд хэтэрсэн байна. Зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 30 орчим хувьд их, 40 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол 20 орчим хувьд бага10 гаруй  хувьд хамгийн бага эрсдэлтэй гэж гарсан. Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай, Архангай аймгуудын зарим нутаг зудын эрсдэл их гэсэн зэрэглэлд багтаж байна.

Энэ жил улсын хэмжээнд нийт 188.6 мянган малчин өрхөд 71.2 сая, хонин толгойд шилжүүлснээр 122.5 сая толгой мал өвөлжих урьдчилсан дүн гарчээ. Мөн нийт 21.8 мянган өрхийн 9.5 сая мал отроор өвөлжиж, хаваржихаар байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс тэжээлийн аюулгүйн нөөцөд өвс  21 мянган тн, тэжээл 8,2 мянган тн-ыг бэлтгэж, бэлтгэвэл зохих өвсний 94 хувийг, тэжээлийн 69 хувийг  бэлтгэсэн гэдгийг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн танилцууллаа.

Мэдээллийн дараа хэлэлцүүлэгт оролцсон эрдэмтэн, судлаачдын төлөөлөл санал, сэтгэгдлээ хэлж, цаашид анхаарах зарим асуудлын талаар зөвлөгөө, мэдээлэл өгсөн юм.

Шадар сайд С.Амарсайхан холбогдох байгууллагын мэдээлэл, эрдэмтэн, судлаачдын саналтай танилцаж, зарим үүрэг чиглэлийг өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top