Б.Баттулга: Ашиг харалгүйгээр хөрөнгө оруулалт хийх зорилготой байгаа

2022 оны 11 сарын 15

Талх бол хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болсон бүтээгдэхүүн гэдэгтэй маргах хүн үгүй. Тэгвэл Герман технологиор үйлдвэрлэсэн талх гэж та өмнө нь хаа нэгтээ сонсож байв уу. Өвөрмөц тансаг амт чанарыг цогцлоогоод зогсохгүй эрүүл мэндэд нэн чухал бүтээгдэхүүнийг Монголдоо нутагшуулсан "Bread land" брэндийг үүсгэн байгуулсан Б.Баттулгатай ярилцлаа.  


-Танд өдрийн мэнд хүргэе. Яагаад талхны үйлдвэрлэл эрхлэх болсон талаар ярилцлагаа эхэлье?

-Би тогооч мэргэжилтэй. Надад Герман талхны технологийг заасан багш маань энхийг сахиулагчдын тогооч байсан. Багш Германаас энхийг сахиулагчидтай хамт Монголд ирэх тэр үеэр танилцан талх хийх болсон түүхтэй. Ингээд түүнтэй хамт Герман явж илүү их зүйлийг сурч мэдсэн. 2014 онд Монголдоо ирж уламжлалт эрүүл хүнсний жор, технологийг нэвтрүүлсэн. Ашиг харалгүйгээр монголчуудынхаа эрүүл мэндэд нь том хөрөнгө оруулалт хийхийг зорьж байна.

-Тэгвэл технологийн талаар дурдаач. Хүний биед ашиг тустай ямар элементүүд бүтээгдэхүүнд нь агуулагдаж байгаа вэ. Монгол үйлдвэрийн хар талхтай харьцуулбал ямар онцлогтой бол?

-Гадуур худалдаалагдаж буй хар талхууд их хөвсгөр бөгөөд бутрамтгай байдаг. Үүгээр юуг хэлэх гээд байгаа вэ гэхээр хөх тарианы гурил хэзээ ч хөвсийж хөөдөггүй. Тэгэхээр 100 хувь хөх тарианы ХАР талх биш гэсэн үг. Хөх тариан талх гэдэг нь элдэв хольцгүй, өнгө оруулагч бодисгүй байдаг. Манай талх нь зүсмэгц бутрахгүй, чийглэг зөөлөн амттай учир цэвэр хөх тарианы өндөр агууламжтайг илтгэнэ. Үнэр нь хүртэл өөр. Манайх энэхүү талхны технологийг Герман улсаас нэвтрүүлж Монголдоо хамгийн анхны оргинал хар талх үйлдвэрлэж буй компани юм. Хар талхны тухайд бие организмын энергийг үүсгэгч нь уургийн эх үүсвэр агуулдаг. Цаашлаад кальцийн агууламж өндөр учир ясны бүтцийн бэхжилт болон мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагааг дэмжиж, хоол боловсруулалтад сайнаар нөлөөлнө. Мөн хорт бодисыг биеэс гадагшлуулж, атеросклероз, цөсний чулуу үүсэх, зүрхний титэм судасны болон цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Уусдаг ислэг нь бүдүүн гэдсэнд хүрч гэдэсний бичил биетний оролцоотой задарч боловсрогдоно. Үүний дүнд илчлэгийн эх үүсвэр болох богино хэлхээт тосны хүчлүүд үүсэхээс гадна гэдэсний ашигтай бичил биетний тэнцвэртэй харьцааг хадгалахад чухал бөгөөд өтгөн хаталтаас сэргийлнэ. Тэгэхээр жингийн асуудалтай болон сахартай хүмүүст илүү тохиромжтой.

 

 

-Одоогоор хэдэн төрлийн талх үйлдвэрлэж байна вэ?

-Хөх тариан, холимог үрийн, Пүмперникель буюу 100 хувь хар талх гээд гурван төрлийн эрүүл мэндийн талхыг үйлдвэрлэж байгаа.

-Манай бүтээгдэхүүнийг хаанаас худалдан авах боломжтой вэ?

-Нэрийн болон сүлжээ дэлгүүрүүдэд манай бүтээгдэхүүн бий. Худалдаалагдаж буй салбар дэлгүүрүүдийн байршлын талаар "Bread land" пэйж хуудсаар орж харах боломжтой.

-Бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг хэдэн төгрөгөөр хаанаас авч байна?

-Гурилны тариалалт нэн чухал. Манай орны цаг уурын эрс тэрс уур амьсгал талхны түүхий эд ургахад саад учруулдаг. Тийм учраас Герман болон Оросоос түүхий эдийг захиалдаг. Дайн дэгдсэнээс Орос экспортоо хязгаарласнаар түүхий эдийн үнэ өссөн. Тухайлбал, Пүмперникель буюу хар талхны түүхий эд шуудай нь 500 мянга байсан. Энэ дүн нэмэгдсэн байна лээ.

-Тухайн бизнесийг эхлүүлэхэд цөөнгүй хүндрэл гарсан биз?

-Талх үйдвэрлэхдээ хэрэглэгчдийн дундаж хэрэглээг судлах шаардлагатай тулгарсан. Цаашлаад хил болон үнийн асуудал гэх мэт хүндрэлүүд гарч  байсан.

-Бизнесээ эхлээд хэр удаж байгаа вэ. Цехэд хичнээн ажилтан байна?

-2017 оноос хойш талхаа монголд хийж, 2020 онд Bread land бэйкерийг нээсэн. Одоогоор 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй байгаа.

-Цаашдаа хэрхэн үйл ажиллагаагаа өргөжүүлэх вэ?

-Аливаа байгууллага болгон алсын хараа, хэтийн зорилтоо тодорхойлсон байдаг. "Bread land"-ийн бүтээгдэхүүнийг илүү цар хүрээтэйгээр дэлгүүрүүдэд нийлүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна. Эхэлж байсан үеэ бодвол "Bread land"-ийн талхны амт чанар болон эрүүл мэндийн ашиг тусыг мэдсэн, байнгын үйлчлүүлэгч, тогтмол хэрэглэгч нартай болсон. Түүхий эд нь өөрөө үнэтэй ирдэг учраас бид эндээс ашиг харахаас илүү монгол хүний эрүүл мэндийг нэн тэргүүнд тавьж өдөр тутмын хэрэглээ болсон талхыг нь будагч, хадгалагч бодисгүй, цэвэр эрүүлээр гаргахыг нэн тэргүүний зорилт болгон хичээн ажиллаж байгаа. Ходоодонд орж буй зүйл бүхэн бидний эрүүл мэндийг тодорхойлно. Энэ маш чухал юм. Чанар, үнэ цэнээ хадгалж байж ирээдүйд илүү том амжилт гаргаж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх болно. 

 

Б.ОЮУНЖАРГАЛ

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bi(202.55.188.110) 2022 оны 11 сарын 15

Goy zaluu we durladiinaaa

0  |  0
Hereglegch(202.70.34.89) 2022 оны 11 сарын 15

Ystoi goy talh

1  |  0
Top