"Бурхан багшийн эхийн ачийг хариулсан их дүйчэн өдөр" өнөөдөр /2022.11.15/ тохиож байна.
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдрийг жил бүрийн билгийн тооллын намрын сүүл сарын хуучдын 22-ны өдөр тэмдэглэг.
Бурхан багш 33 тэнгэрийн оронд төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар тус орноо залран, ээждээ болон бусад тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдаж, ханьцашгүй дээдийн номын рашаанаар ээжийгээ ачлан, нирвааны хутагт хүргээд намрын адаг сарын 22-ны өдөр 33 тэнгэрийн орноос эргэж Замбуутив буюу энэ дэлхий ертөнцөд залран ирсэн хэмээн бурхан багшийн намтар, түүхэн сурвалжид тэмдэглэгдэн үлджээ.
Энэ нь бурхан багшийн 12 их зохионгуйн нэг бөгөөд жилд тохиох дөрвөн дүйчин өдрийн нэг тул намрын адаг сарын 22-ны өдрийг "Эхийн ачийг хариулсан дүйчин өдөр" хэмээн бурханы шашинт орнууд өргөн дэлгэр тэмдэглэснээр энэ өдөр эцэг, эхийн ачийг санаж, буян номд шамдах уламжлал тогтжээ.
Чөлөө учралт эрдэнэт хүний биеийг хайрласан эцэг, эхийн ач цаглашгүй бөгөөд дүйчин өдрийг бурханы шашинт улс орнууд онцгойлон тэмдэглэдэг. Монголчууд ч эрт дээр үеэс өргөн тэмдэглэдэг уламжлалтай билээ.
Энэ өдөр эцэг, эхийнхээ ачийг санаж, ариун буяныг үйлдэж, хилэнцэт нүглийг тэвчих, ижий аавыгаа баярлуулж, сайн үйл бүтээж, сайхан үг хэлж, бурханы орондоо одсон бол ачлал буяныг нь дурсан хойтын буянд зорин сайн үйлд хичээдэг байна.
Энэ их буяны өдөр нэг өдрийн санваар сахих, цагаан хоол идэх зэргээр хилэнцийг тэвчин, сэтгэлийг ариусган нэгэн өдрийг өнгөрүүлэх, ерөөл ном хурж, бурхан багшийн айлдсан "Эцэг эхийн ачийг хариулах" судар тэргүүтнийг унших нь ихэс дээдсийнхээ ачийг эргэн санах, үр хойчдоо ч үлгэр дууриал болох хүнлэг сэтгэлийн, уламжлалт ёс зүйн, хүмүүжлийн ч ихээхэн ач тустай гэж үздэг.
Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчин өдөртэй холбогдуулан Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс сүсэгтэн олонд зориулан хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулж байна. Тухайлбал өнөө өглөө Батцагаан дуганд өглөө Дашчоймпэл дацангийн шунлайв гавж О.Батбаатар лам Их хөлгөний нэг өдрийн тэтгэн ариусахуйн санваарыг сүсэгтэн олонд хүртээлээ.
Сүсэгтнүүдэд зориулсан дараах арга хэмжээнүүд үргэлжилж байна.
08:00-17:00 Бурхан багшийн чого хурна /Гандан дуган/
08:00-19:00 Дэмчогийн чого хурна. /Очирдарийн дуган/
12:00-12:10 Эхийн ачийг хариулсан дүйчэн өдрийн мэндчилгээ МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, хамба номун хан, гавж Д.Чойжамц
12:10-12:40"Эхийн ачийг санахуйн сургаал" сэдэвт айлдвар МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн хансур, гавж Ё.Амгалан
12:45-13:00 Бурхан багшийн эхийн ачийг хариулсан шүтээний тайлбар МБШДээд сургуулийн урлахуйн ухааны тэнхимийн эрхлэгч шүтээн урлаач Ц.Шийрэвчогдан
17:00-18:30 "Эцэг, эх тахигдахууны дээд болой" хэмээх сургаалын тайлбар МБШДээд сургуулийн багш, гэвш лхаарамба Д.Жавзандорж
Сэтгэгдэл ( 1 )
Burhan bagshiin baasan udur geh n holgui boljee.