ЭМГЭНЭЛ | Шаравын Чоймаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 11 сарын 16

Эмгэнэл Шаравын Чоймаа (1951-2022)

Монгол Улсын Ардын багш, Төрийн шагналт, хэл шинжлэлийн шинжлэх ухааны доктор, Монгол Улсын их сургуулийн профессор Шаравын Чоймаа 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр таалал төгсөж, Монголын боловсрол, шинжлэх ухаан, соён гэгээрүүлэх салбарт хүнд гарз тохиолоо.

Ш.Чоймаа 1951 онд Говь-Алтай аймгийн Шарга сумын нутаг Шар харгана хэмээх газар мэндэлж, эрдэм номтой аав, элбэрэл төгөлдөр ээжийнхээ гар дээр бага насаа өнгөрүүлжээ. Тэрээр 1971 онд Говь-Алтай аймгийн Алтай хотын 1 дүгээр арван жилийн дунд сургууль, 1976 онд Монгол Улсын их сургуулийн монгол хэл, уран зохиолын багшийн ангийг дүүргэжээ.

Профессор Ш.Чоймаа 1976 оноос хойш төрөлх их сургуульдаа багш, Монгол хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч, Эх бичиг-Алтай судлалын тэнхимийн эрхлэгчээр ажиллажээ. Мөн Хумбольдтын Их Сургууль, Бээжингийн Их Сургууль, Бээжингийн Төвийн Үндэсний Их Сургууль, Ланжоу-гийн Баруун Хойд Үндэстний Их Сургууль, Өвөр Монголын Их Сургуульд зочин профессороор уригдан багшилсан.

2003 онд “Монголын нууц товчоо, Лувсанданзаны Алтан товчийн эхийн харьцуулсан судалгаа” сэдэвт бүтээлээр хэл шинжлэлийн ухааны доктор, 2004 онд “Монгол түүхэн сурвалжийн эх бичгийн судалгаа” сэдэвт бүтээлээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж, 1996 онд МУИС-ийн дэд профессор, 2011 онд профессор цол хүртжээ.

Профессор Ш.Чоймаа Монгол Улсын Их Сургуульд монгол бичиг, түүхэн хэл зүй, орчин цагийн монгол хэл, төвөд хэл, сурвалж судлал, Монголын нууц товчооны судлал зэрэг хичээлийн хөтөлбөрийг боловсруулж бакалавр, магистр, докторын түвшинд зааж байв. Тэр бээр олон орны оюутан, аспирант, мэргэжил дээшлүүлэгч нарт хичээл зааж, гадаадын монгол судлаачдыг бэлтгэхэд хичээн зүтгэсэн төдийгүй монгол судлалын сургалт, судалгааны салбарт эх бичиг судлалын дэг сургуулийг бүтээлчээр хөгжүүлж, олон арван шилдэг судлаачийг эрдмийн мөрд хөтөлсөн эрхэм багш байлаа.

Доктор Ш.Чоймаа “Монголын нууц товчоон, Лувсанданзаны Алтан товч: эхийн харьцуулсан судалгаа”, “Хаадын үндсэн хураангуй алтан товч”, “Монголын нууц товчоо” хийгээд монгол сурвалж бичгийн судлал”, “Монголын нууц товчоо”, “Монгол уламжлалт ухаанаа заан сургагч нарт тус дэм”, “Тэмүжин хөвгүүнээс тэнгэрлэг эзэнд”, “Буддын шашин соёлын тайлбар толь”, “Монгол хэлний хэлзүйн толь бичиг”, “Монгол бичгийн хэлний тонгоруу толь бичиг”, “Монгол хэлний хадмал толь”, “Монгол хүний нэрийн толь” зэрэг нэг сэдэвт бүтээл, ном товхимол, сурах бичиг, гарын авлага туурвиж, 100 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлж, олон улсын 50 шахам хуралд илтгэл хэлэлцүүлсэн.

Ш.Чоймаа 1988 оноос эхлэн сонин сэтгүүлд монгол бичгийн хичээл тогтмол нийтлүүлж байгаад 1989 оноос Монгол телевизээр бүх нийтийн монгол бичгийн сургалтад зориулсан цуврал хичээл заасан нь үндэсний бичиг үсгээ сурч мэдэх хүсэл тэмүүллийн галыг бадраасан их үйл хэрэг болсон юм. Тэр бээр монгол хэлний дархлааг бэхжүүлэх, монгол бичгийг түгээн дэлгэрүүлэх, “Монголын нууц товчоо”-г эрхэмлэн дээдлэх үйлсэд манлайлан оролцож монгол төрийн хууль тогтоомж, бодлогын баримт бичгийг боловсруулан батлуулахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулжээ.

Төр засгаас түүний хөдөлмөр зүтгэл, бүтээл туурвилыг өндрөөр үнэлж 2002 онд “Монгол Улсын Гавьяат багш”, 2006 онд “Монголын нууц товчоон, Лувсанданзаны Алтан товч: эхийн харьцуулсан судалгаа”, “Хаадын үндсэн хураангуй алтан товч” хэмээх хоймсон бүтээлд нь “Монгол Улсын Төрийн шагнал”, 2017 онд “Монгол Улсын Ардын багш” цол хүртээжээ.

Шаравын Чоймаа нь “Уламжлалт ёс суртахуун, монгол хэл, бичиг, монгол сэтгэлгээ, шашин соёл, дотоод сэтгэлийн ариусал, үндэсний эрх ашгаа бодох ухаарал нь монголчуудыг аварна” хэмээх үзлийг чин бат баримталж, насан турхруу эх хэл, үндэсний бичиг, өв соёлоо заан сургах, судлан шинжлэх, түгээн дэлгэрүүлэх үйлсэд хичээн зүтгэсэн нэрт сурган хүмүүжүүлэгч, дэлхийн монгол судлалын гарамгай эрдэмтэн, монгол түмний их соён гэгээрүүлэгч байлаа.

Талийгаачийн хүнлэг энэрэнгүй, элбэрэлт асрангуй, шаргуу бүтээлч, тууштай зарчимч зан чанар, оюун билгийн гэгээн үйлс, дөлгөөн хичээнгүй дүр төрх нь бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнхөрч үлдэх болно.

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баянаа(66.181.161.46) 2022 оны 11 сарын 16

Бурхны хутгийг олох болтугай аа !

1  |  0
Зочин(64.119.17.225) 2022 оны 11 сарын 16

Гүн эмгэнэл илэрхийлье

0  |  0
Top