СЭДЭВ I Сарнайн 60 сая буюу сенсаци дарах тактик

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 17

Нэгэн залуу 60 сая төгрөгөөр сарнай худалдан авч, эхнэртээ хүргүүлсэн талаар ид шуугиж байна. Мөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү падгүй хэмээн өмөөрөх нэг нь байхад баян хоосны ялгаа, өлсгөлөн хонож байгаа хүмүүсийг жишээ татан хараан зүхсэн нь ч байна. Ер нь угаас манайхны цахим орчинд байдаг л нэг өнгө л дөө. Эхлээд нийтээрээ муулна. Түүний араас хэн нэг нь сайн хүн болох, бусдаасаа ялгарах ч гэдэг юм уу өмөөрөхөөр дагаад нөгөө тийш хуйларна. Яг л далайн түрлэг хад мөргөн шуугиж байснаа чимээгүйхэн буцдагтай зүйрлэж болно. Монголд нууц гэж байхгүй гэдэгчилэн сүүлдээ Ерөнхий сайдын зөвлөх А.Амундра цэцэгний эзэн байсан гээд шуугив. Эцэст нь А.Амундрагийн өмгөөлөгч цагдаагийн байгууллагад хандаж “Гэр бүлд ээдрээтэй асуудал” үүссэн гэснээр эрэл мухардалд орлоо. Гэхдээ манай чонын хийморьтой сошиалчид олж л таарна. Гэхдээ энэ бол өөр зүйл.

Харин сарнай цэцэгийн 60 саяар өөр ямар зүйлийг нуун дарагдуулж, олон нийтийн анхаарлыг өөр тийш нь эргүүлж буй бол гэсэн хар төрөөд болох биш. Дээрээс нь “Хардах эрх нь байна” гэсэн олон хүний ам тагладаг шидэт үг байгаа болохоор итгэлтэй ч хардах юм. Их наядаар тоологдох нүүрсний хулгай, Хөгжлийн банкны чанаргүй зээл гээд бидэнд мартаж болохгүй олон асуудал байгаа учраас 60-хан сая төгрөгийн сарнайгаар энэ бүгдээ мартаж болохгүйг сануулах юун.  

 

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(64.119.23.142) 2022 оны 11 сарын 17

Хийх ажилгүй, эрхэлсэн бизнесгүй, олох орлогогүй, халамж хүлээсэн, завнаас их юмгүй ард иргэдийн уур бухимдлыг сошиал сэвээгээр л тайтгаруулж, зүг чиглэлийг нь тодорхойлж, найзаа ч дарж дайснаа ч устгаж салхин шатрын нүүдэл хийцгээх юм, эцэст нь эх орон минь хөгжих л болтугай гэж ерөөе.

0  |  0
Top