Хүлэмжийн хийн кредит тооцох талаар Австрали улстай хамтран ажиллана

2022 оны 11 сарын 16

Хүлэмжийн хийн зах зээл, түүнийг худалдаалах, байгальд ээлтэй шийдлээр (NBs) хүлэмжийн хийн кредит тооцох талаар эрх зүйн бодлого сайжруулахад Австрали улстай хамтран ажиллана.

2015 оны Парисын хэлэлцээр буюу дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн тухай эрх зүйн хувьд заавал дагаж мөрдөх анхны хэлэлцээрийн зорилгыг биелүүлэхээр улс орон бүр ажиллаж байна.

Монгол улс ч гэсэн өөрсдийн зорилгоо тодорхойлж, ҮТХНЗ баримт бичгийг гаргасан. Энэ хүрээнд 2030 он гэхэд манай улс хүлэмжийн хийн ялгарлыг 22.7%-иар бууруулах үүрэг амлалт авсан, түүнд хүрэхийн төлөө шаргуу ажиллаж байна. Ингэхдээ бид тайлагнах үйл явцад хариуцлагатай, ил тод байх зарчмыг баримталж байна. Манай улс хэдийгээр хүн амын нягтрал багатай, өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүлэмжийн хийн шингээгчийн асар том нөөцтэй, дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын маш бага хувийг эзэлж байгаа ч эдийн засгийг тэлэх, дэд бүтэц, эрчим хүчний эх үүсвэрүүдийг ногоон болгох, мэдлэгт суурилсан, ногоон техник, технологийг нутагшуулах талаар улс орнуудтай тэр дундаа Австрали улстай хамтран ажиллах сонирхолтой байна.

Байгальд ээлтэй шийдлээр (nature-based solution) экосистемийг хамгаалах, түүний үйлчилгээг хадгалж үлдэж байгаа Австрали улсын туршлагаас суралцах, техникийн болон санхүүгийн дэмжлэг шаардлагатай.

Манай Засгийн газрын хувьд уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд хүлэмжийн хийн зах зээлд оролцох, хүлэмжийн хийн худалдааг эрчимжүүлэх зорилготой. Энэ ажлыг хийхэд бидэнд судалгаа шинжилгээний шинэ арга аргачлал, хүлэмжийн хийн эх үүсвэрийн тооллогыг сансраас тандан судлах аргаар шинэлэг тооцоолол хийх, хүний нөөцийг чадавхжуулах, санхүүгийн дэмжлэг тусламж шаардлагатай.

Мөн яам хоорондын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх талаар харилцан санал солилцож, хүлэмжийн хийн зах зээл, түүнийг худалдаалах, байгальд ээлтэй шийдлээр (NBs) хүлэмжийн хийн кредит тооцох талаар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, бодлого эрх зүйн орчныг сайжруулахад Австрали Улсын сайн туршлагаас суралцах, байгаль хамгаалах, УАӨ-ийн асуудлаар ойлголцолд хүрэхэд хамтран ажиллана.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top