ОЛОН ӨНГӨ: Өрөм хамах гэж байгаа хүн муу юм хэлдэггүй

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2022 оны 11 сарын 21

Монгол Улсын 21 аймгийг автозамаар холбох “Мянганы зам” хэмээх том төсөл тэртээх он жилүүдэд хэрэгжихээр гараанаас анх гарахад “Мянгуужингийн зам” хэмээн шоглож, тохуурхаж байсан хүн олон бий. Гэтэл тэр нь хэрэгжиж, үр шимийг нь монголчууд нийтээрээ хүртсэн. Шороон замаар хоёр гурван хоног тамираа тасартал явж байж хотынхоо барааг хардаг байснаа одоо өглөө гараад оройдоо ороод ирдэг болсон.

Сүүлийн үед Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого” гэгчийг боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлэх төсөл, төлөвлөгөөг танилцуулж, заримыг нь эхлүүлсэн. Түүнийг нь “Хөгжлийн төлөвлөгөө” гэж хэлэх хүн ч байна, “Мөрөөдлийн жагсаалт” гэх нь ч байна. Ямартай ч энэ сарын сүүлчээр мөнөөх жагсаалтаас Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг нээх төлөвтэй байна. Энэ ажлыг уг нь өнгөрсөн гуравдугаар сард эхлүүлсэн. Хэдхэн сарын дотор “Мөрөөдөл биелдэг юм байна” гэдгийг бид харах гэж байна. Тэгэхээр энэ бол төлөвлөгөө юм байна, нүдэн дээр хэрэгжээд байна. Хэн ч анзаарахгүй байсан, анзаарсан ч чимээгүй хараад байгаа.

Гэтэл тэнд бүтээн байгуулалт өрнөж, гүйцэтгэл хийж, одоо хүлээлгэж өгөх гэж байна. Боомтуудыг сэргээсний үр шимийг уг нь монголчууд л хүртэнэ. Монгол Улсын эдийн засаг тэлнэ. Түүхий эдээ түшиглэсэн эдийн засагтайн хувьд экспорт нэмэгдэнэ. Бид сайн зүйлийг сайн гэж хэлж чадахгүй болчихож. Муу, муухайг амандаа орсон зоргоор тарааж, түгээж байдаг болжээ. Уг нь монгол хүн амныхаа бэлгээр гэдэг сэн. “Өрөм хамах гэж байаа хүн муу үг хэлдэггүй” ч гэлцдэг. Сайныг ярьж, сайхныг түгээж, бүтээж, бий болгож байхсан даа.

 

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.112.151) 2022 оны 11 сарын 21

Тиймээс мууг хар аар саынд итгэхээ больж дээ бид

0  |  0
Top