Өнгөрсөн баасан гарагт нийслэл Улаанбаатар хот маань бүрий болохтой зэрэгцэн цагаан өнгөөр хучигдлаа.
Агаар сэлгэгдээд сайхан байсан ч гэр рүүгээ яаран буй хүмүүсийг хотын түгжрэл “чөдөр өвс” шиг түгжиж орхив. Тус өдөр замын түгжрэлийн ачаалал оргилдоо хүрч, таван цаг 53 минут тэг зогсож, дээд рекордыг баталсан гэнэ. Үнэн хэрэгтээ энэ нь түгжрэл ч биш, гамшиг боллоо.
Энэ үеэр тусгай дуут дохиот машинаар хамгаалуулсан машин эсрэг урсгалаар явж буй зураг олон нийтийн сүлжээнд тарж, иргэдийг ихээхэн бухимдуулсан юм. Учир нь энгийн иргэд зам дээр олон цаг түгжирч байхад, эрх мэдэлтнүүд явахдаа зам хааж, хөдөлгөөний зохион байгуулалтыг өөрчлүүлэх зэргээр түгжрэлээс ангид байгааг шүүмжилсээр байна. Тэгвэл түгжрэлийг "сөрсөн" хоёр машины нэг нь торгуулиа огт төлөөгүй, нөгөөхийнх нь улсын дугаарын мэдээлэл зөрүүтэй байгаа аж.
Үндсэн хуулиар хүн бүр ижил тэгш эрхтэй гэж ярьдаг боловч эрх мэдлээ ашиглан, бусдаас илүү эрх эдэлж буй. Ямар хүмүүс тусгай дуут дохиотой, урсгал сөрж явж болдгийг холбогдох хууль тогтоомжоос харвал “Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон эдгээр албыг хашиж байсан иргэд тодорхой хугацаанд төрийн тусгай хамгаалалтад байдаг тул ийм эрх эдэлнэ” гэжээ. Эдгээр эрх ямбатнууд харуй бүрийгээр улсын чухал хурал, зөвлөгөөнд очдог болсон юм болов уу. Үгүй л байх. Харин орд харшдаа очиж тухлахаар яаран явсан л болов уу.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )