Х.Болорчулуун: Энэ жил төмс, хүнсний ногооны ургац 15 хувиар нэмэгдсэн

2022 оны 11 сарын 23

2022-2023 оны өвөлжилт хаваржилтын нөхцөл байдлын талаар Улсын онцгой комиссын 5-р өргөтгөсөн хуралдаан өчигдөр /2022.11.23/ боллоо. Хуралдааны дараа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун цаг үеийн асуудлаар мэдээлэл өгснийг хүргэж байна.


Сайд Х.Болорчулуун “Нөөцийн мах бэлтгэлд зориулж энэ жил 130 тэрбум төгрөгийг хөнгөлөлттэй буюу 3 хувийн хүүтэй олгохоор төлөвлөсөн. Үүнээс 46 тэрбум төгрөгийг 4 аж ахуйн нэгж авч зарцуулаад байна. Өнгөрсөн жил аж ахуйн нэгжүүд нөөцийн мах бэлтгэж, үнэ ханшийн зөрүүнээс болж алдагдал хүлээсэн. Тийм учраас аж ахуйн нэгжүүд нөөцийн мах бэлтгэх сонирхолгүй байна, банкууд ч бас болгоомжтой хандаж байна.  Цаашдаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нөөцийн мах бэлтгэх биш нийслэл нөөцийн махыг бэлтгэх ёстой. Учир нь нийслэлд бүх сүлжээ, агуулах нь байдаг. Манай яам нөөцийн махтай ноцолдох биш үйлдвэрлэгчдээ дэмжих бодлогоор ажиллах ёстойг хэлмээр байна.

Улаанбуудайн хувьд 408 тонн ургац хураан авахаас 391 мянган тонныг хураан авсан. Өөрөөр хэлбэл, 13 центнер авахаас 1 центнер буурч, 12 центнер авсан. Үндсэндээ 391 мянган тонн улаанбуудай гэдэг бол Монгол Улсынхаа гурилын хэрэгцээг хангах хэмжээнийх гэсэн үг. Мөн энэ жил 218 мянган тонн төмс, 136 мянган тонн хүнсний ногоо тонн хураан авснаар төмс, хүнсний ногооны ургац өнгөрсөн жилийнхээс 15 хувиар өссөн.   Жил бүр хураан авсан буудайны чанарын асуудал ярьдаг. Гэхдээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас бодлогын хувьд чанартай, чанаргүй гэж дотоодын улаанбуудайгаа гоочилж муучилж гаднаас авахгүй. Гурилын үйлдвэрүүдийг хавар хүртэл гаднаас импортын буудай оруулах асуудал хаалттай гэдгийг хэлсэн. Ер нь бор, шар гэхгүй өөрсдийн улаанбуудайгаар гурил хийх нь зүйтэй. Ийм учраас импортын улаанбуудайгаар газар тариаланчдаа цохилтод оруулахгүй байх бодлого барьж байна” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top