ОЛОН ӨНГӨ: Сайхан сэтгэл санааных 

2022 оны 11 сарын 28

“Ийм сайхан сэтгэлтэй хүн байдаг аа” гэмээр ховорхон нэгэнтэй таарлаа. Би гэж хүн саяхны нэг өдөр “Бөмбөгөр” худалдааны төвийн нэг захаас нөгөөх хүртэл бэлэг дурсгалын лангуу бүрээс хөгжимт хайрцаг сураглан гүйсэн юм.

Удаан хайсны эцэст нэгэн зан сайтай худалдагч бүсгүй дээр очив. Хаа очиж түүнд миний хайсан зүйл байж билээ. Ийн хайсан зүйлээ аваад баярлаж зогстол миний хажууханд хоёр гараараа дүүрэн уут хэлхэн барьсан настай эгч энгэрээсээ нэлээн хуучны гэлтэй жижигхэн хэтэвч гаргаж ирээд мөнгөө тоолж гарав. Худалдагч “Та юу сонирхож байна” хэмээн асуухад “Эмээ нь найман настай ач охиндоо ээмэг зүүлтний хайрцаг авах гэсэн юм. Хэдэн төгрөг гэж байна, хүүхээн” гэхэд худалдагч “Би танд зүгээр өгье. Та ээмэг зүүлтний сав авах мөнгөөрөө сүүгээ ав даа, эмээ” гээд лангуунаасаа шигтгээ нь гялалзсан цэцэг навчны зураг бүхий чамин хайрцгийг гялалзсан ягаан цаасанд боож, цэцгэн туузаар ороогоод өгөх нь тэр. Эмээ нүүрэндээ дүүрэн инээмсэглэл тодруулан “Баярлалаа, миний охин буян нь дэлгэрэг гээд” явж одов.

Сайхан сэтгэл санааных гэдгийг худалдагч бүсгүй тод томруун харуулсан нь энэ. Түүний энэ үйлдэл нь миний санаанаас ер гарсангүй. Эргэж бодох төдийд нүднээс нулимс цийлэгнэн бахархал төрөх болсон билээ. Хүмүүс ээ, бие биедээ урам дэм өгч, бага ч гэсэн баярлуулж байгаарай. Сайхан үг хэлэх, ерөөх чинь хүртэл бэлэг юм шүү. Сайхан сэтгэл санааных...

 

Б.ОЮУНЖАРГАЛ

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top