Сургууль, цэцэрлэгийг 12 сарын 3-ныг хүртэл цахимаар хичээллүүлэх үү?

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 25

Төрийн болон төрийн бус өмчийн бүх шатны сургууль, цэцэрлэгийг ирэх даваа гарагаас буюу энэ сарын 28-наас цахимаар оруулах эсэх талаар Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас тодрууллаа.

Сургууль, цэцэрлэгийг цахимаар оруулах захирамж албан ёсоор гараагүй, эцэслээгүй. Хэрэв цахимаар орохоор бол энэ сарын 28 буюу ирэх даваа гарагаас эхлэн долоо хоног цахимаар хичээллүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Сануулахад, Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Хүйтний эрч чангарч, цас их хэмжээгээр орж байгаагаас шалтгаалан Улаанбаатар хотын замын хөдөлгөөн тэг зогсолт болох эрсдэлтэй хэмээн үзэж, албан хаагчдын ажлын цагийг уян хатан болгох, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимаар явуулах санал гаргаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт хүргүүлсэн. 

Харин үүнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Боловсролын сайдын хувьд хичээл, сургуулийг нэг ч өдөр хаамааргүй байна. Сая ковидын үеэр боловсролын байгууллага танхимаар хичээллээгүйн улмаас маш их хоцрогдолтой яваа. Сурагчдын хичээлийн хоцрогдлыг нөхөх гурван жилийн хөтөлбөр хэрэгжиж байгаа.

Арванхоёрдугаар сарын 16-наас өвлийн амралт эхэлнэ. Ж.Сүхбаатар сайдын саналын дагуу холбогдох байгууллагынхан судалж байгаа юм байна. Энэ нь цэцэрлэг болон бага ангийн хүүхдүүд дээр болохгүй хувилбар биш. Харин дунд, ахлах ангийн сурагчдад хүндрэл үүснэ гэж бодож байна. 

Сургууль, цэцэрлэгийг хаахаар түгжрэл багасдаг гэж ойлгож болохгүй. Түгжрэл ихсэхээр сургууль хаадаг, ковид эхлэхээр сургууль хаадаг нь хуучинсаг сэтгэлгээ гэж би харж байгаа" хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (192.82.80.40) 2022 оны 11 сарын 25

Ер нь бол манайхан орон улсын жишиг стандарт гэж ярьдаг гэтэл Улаанбаатар хот дэлхийн хамгийн хүйтэн хотын нэг энэ тэр гээд хол хуцаад яахав хамгийн ойр Улстай харьцуулахад Буриад бол температур заасан байдаг шүү

0  |  0
Top